
Зургийг: Liesa Johannssen/Bloomberg
БНХАУ-ын “BYD” компани цахилгаан автомашины гурав дахь шинэ загвараа Японы зах зээлд гаргалаа. 82 киловатт цагийн цэнэг хураагуурын хүчин чадалтай “Seal” загварын автомашинаа 33 мянга 100 ам.доллароор худалдаанд гаргаж байгаа бол дөрвөн дугуй нь хөтлөгчтэй загвараа 37 мянга 900 ам.доллароор борлуулахаар болсон байна.
Японы зах зээлд хосолмол хөдөлгүүртэй автомашин давамгайлдаг төдийгүй хэрэглэгчид нь “Toyota Motor” зэрэг үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг асуудлууд нь тус компанид гол сорилт болсоор ирсэн бөгөөд 2023 онд “BYD” ердөө 2206 автомашин тус зах зээлд борлуулжээ. Харин “Nissan Motor” компанийн “Sakura” брэнд нь 34 мянган ширхэг автомашин борлуулсан байна.
Японд “BYD”-ийн тавдугаар сарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 28 хувиар буурчээ. Хойд Америк болон Европт татварын асуудалтай тулгараад буй БНХАУ-ын хувьд Японы зах зээлд байр сууриа бэхжүүлэх нь өндөр ач холбогдолтой асуудал болоод байгаа юм. Тухайлбал: АНУ-аас БНХАУ-ын автомашинуудад 100 хувийн татвар ногдуулаад байгаа бол Канад улс мөн өсгөх төлөвтэй байна. Түүнчлэн Европын Холбооноос 48 хувийн импортын татвар ногдуулах санал гаргаад байгаа аж.
Японы цахилгаан автомашины импортын талбарт тэргүүлэх сонирхолтой байгаагаа “BYD”-ийн Япон дахь салбар хариуцсан захирал илэрхийлсэн байна. Мөн жил бүр шинэ загвар гаргаж, 2025 оны эцэс гэхэд тус улсад 100 салбартай болох төлөвлөгөөтэй байгаагаа тодотгожээ. Одоогийн байдлаар тус компани Японы 55 байршилд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.