
Зургийг: Sirachai Arunrugstichai/Bloomberg
Азийн орнуудад дундаж давхарга хэр эрчтэй тэлж байна вэ? Амбицтай нь харьцуулбал тийм ч хурдацтай биш байгааг сүүлийн үеийн тоо баримтууд харуулж байна. Иймд бодлого боловсруулагчид иргэдээ “Ази мөрөөдөл”-д хүргэхийн тулд амьжиргааг баттай болгож, амьдралын чанарыг сайжруулахад төвлөрөх шаардлагатай хэвээр.
Ази мөрөөдлийн хойноос
50 жилийн өмнө Азид туйлын ядуу, хөдөө аж ахуйгаас хамааралтай, бодлого зохицуулалтгүй амьдрал зонхилж байлаа. Түүнээс хойш тивийн дийлэнх орнуудын хөгжил дэвшил гайхалтай хурдан байж, аж үйлдвэрлэл, боловсрол, сайн засаглал нь амьдралын өндөр чанар, стандарт руу хөтөлсөн юм.
Ялангуяа сүүлийн 10 жилд энэ өөрчлөлт хамгийн хүчтэй байлаа. 2015-2021 оны хооронд Азийн бүс нутаг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний нийт өсөлтийн 57 хувийг бүрдүүлсэн бол 2021 онд худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тэн хагасыг бүрдүүлж, бусад бүс нутгийг тэргүүлжээ. Хэдий тийм боловч энэ эрч өдгөө суларч байна. Тухайлбал: тивийн хамгийн том эдийн засагтай БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаар өрхийн орлого буурч, дундаж давхаргын гэр бүлүүд санхүүгийн төлөвлөлтөө өөрчлөхөд хүрч буй.
Мөн Энэтхэгт өсөлт удааширч, томоохон хотуудад цалингийн түвшин буурч, зарцуулалт хумигдсан дүр зурагтай байна. 270 сая хүн амтай Индонез улсын Статистикийн газар тус улсын дундаж давхаргад хамаарах хүн амын тоо сүүлийн таван жилд 9.5 саяар буурсныг мэдээлжээ.
Урсгаад алдахгүй юмсан…
Айсуй эрсдэл олон байна. “Oxford Economics”-ийн тооцооллоор ирэх 10 жилд хөгжиж буй орнуудын дундаж давхаргын хүн ам хоёр дахин өсөж, 2024 онд 354 сая өрхөөс 2034 онд 687 сая хүрэх төлөвтэй байгаа аж. БНХАУ дундаж давхаргын өсөлтийн эрчээр дэлхийд тэргүүлэхээ болих ч хамгийн их хэрэглээтэй зах зээл хэвээр үлдэхээр байна. Мөн 2029 он гэхэд дундаж давхаргын гурван хэрэглэгч тутмын хоёр нь Ази тивийн төлөөлөл байхаар байгаа юм.
Энэ бүгдийг бодит болгохын тул Засгийн газрууд гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо улам боловсронгуй болгохын хажуугаар одоо байгаа дундаж давхаргынхаа потенциалыг гаргах шаардлагатайг “Bloomberg”-ийн нийтлэлч Каришма Васвани бичжээ. Хөгжингүй орнууд ямар сургамж авсан бэ гэвэл дундаж давхаргад багтах нь нэг хэрэг, харин түүнийгээ хадгалж үлдэнэ гэдэг илүү том сорилт аж.
Уул уурхайн экспортоо дорвитой түвшинд сэргээж, томоохон өр зээлээ барагдуулж чадсан Монгол Улс 2024 онд Дэлхийн банкны тодорхойлолтоор дундаас дээш орлоготой орны ангилалд эргэн багтсан юм. Хэдий тийм боловч Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банкны өнгөрсөн оны судалгаагаар нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байв.
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсад Дундаж давхаргыг тодорхойлох судалгааг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамгийн сүүлд 2016 онд хийж, нийт өрхийн 61 хувийг дундаж орлоготой өрхүүд эзэлж буйг тооцоолжээ. Гэтэл хэдийгээр цалин, орлогоороо дундаж давхаргад багтавч наад захын хэрэгцээ болох орон сууц худалдаж авахад хүндрэлтэй өрхүүд олон байна. 2023 оны байдлаар өрхүүд ойролцоогоор найман жилийн орлогоо хуримтлуулж байж Улаанбаатар хотод дундаж үнэтэй орон сууц худалдан авах боломжтойг СЭЗИС-ийн судалгаа харуулсан.
Мөн боловсролтой иргэд эх орноо орхиж явах үзэгдэл буюу “Brain drain”-ийн үзүүлэлтээр Монгол Улс сүүлийн жилүүдэд толгой цохих болоод байна. “MMCG”-ээс 2023 онд явуулсан судалгаагаар идэвхтэй хүн амын 67 хувь нь гадагшаа явж ажил хийх сонирхолтой байсан зэрэг үзүүлэлт нь Монгол Улс дундаж давхаргаа тэлэхийн зэрэгцээ хэрхэн гадаггш “урсгаж алдахгүй” байхад анхаарах ёстойн дохио болж байна.