Зургийг: С.Батсайхан
Түгжрэл импортолсоор
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцогчид дунджаар өдөрт 3 цаг орчмыг авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход зарцуулдаг ба үүний 2.3 цагийг түгжрэлээс үүдэн нэмэлтээр зарцуулдаг болохыг MMCG компани 2022 онд хийсэн судалгаандаа онцолж байлаа. Мөн оргил цагийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км/ц руу шилжиж, явган хүнтэй ойролцоо хурдтай болоход нэн ойртож буйг анхааруулсан.
Тэгэхээр нийслэлийн иргэд жилийн 365 хоногийн бараг 1/10-ийг түгжрэлд гацан өнгөрөөдөг болж таарч байна. Тухайн онд Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 10 хувьтай дүйцэх хэмжээний бүтээмжийг алдсан гэсэн тооцоо гарч байв.
Гэтэл Монгол Улсын нийт импорт 2024 оны эхний долоон сард өмнөх оноосоо 27.6 хувиар өсөхөд суудлын автомашины импорт томоохон нөлөө үзүүлжээ. ГЕГ-ын мэдээлснээр энэ хугацаанд 68.5 мянган суудлын автомашин импортолсон нь 2022 оны бүтэн жилийн импортын тоо хэмжээг аль хэдийн давсны сацуу 2023 оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.
Энэхүү огцом өсөлтийн нөлөө эдийн засгийн бусад салбарт хальж, V сарын сүүлээр Тяньжин боомтод Монгол руу ачигдах 7,000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсэхэд автомашины импортын өсөлт ихээхэн нөлөөлснийг Монложистикс ХК мэдээлж байлаа.
Дэс дараагүй бодлогын нөлөө
Түгжрэлийн асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэж, энэ чиглэлийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг нэмж, бодлого шийдлүүд яригдаж байгаа ч автомашины импортын өсөлтийг харвал асуудал ойрын хугацаанд багасах шинж алга. Эсрэгээрээ хэт ерөнхий шинжтэй, өөр хоорондоо уялдаагүй, хэзээ яаж хэрэгжих нь тодорхой бус арга хэмжээнүүдийг албан тушаалтнууд зарласнаар иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, улмаар импортыг хөөргөдсөн эрэлт үүсэхэд хүргэсэн байх талтайг мэргэжилтнүүд хэлж байна.
Тухайлбал 2022 онд нийслэлийн өмнөх Засаг дарга насжилт өндөртэй, буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох санал хүргүүлэхээ зарласан бол өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга импортоор орж ирж буй автомашиныг хязгаарлах бодлого барихаа мөн мэдэгдэж байв.
"Сүүлийн 2-3 жилд ЗГ, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүд, аман мэдэгдлүүдээ зарласаар ирсэн. Эдгээр нь зах зээлд хоосон эрэлт бий болгож байна. Тухайлбал импортын татвар нэмнэ гээд зарлачихаар бизнес эрхлэгчид түүнээс өмнө ахиухныг оруулаад ирье гэж бодно. Жилдээ органикаар 40-50 мянган автомашин импортлогддог байсан бол өнгөрсөн онд гэнэт 70 мянга болоод өсчихсөн."
“Хязгаарлагдмал төсөв, санхүүгийн орчинд аль төслөө хамгийн түрүүнд хэрэгжүүлэх вэ гэдгээ бодож, дэс дарааллыг маш үр дүнтэйгээр боловсруулж бодох хэрэгтэй. Богино хугацааны арга хэмжээ авахаас илүүтэй нэгдсэн байдлаар, хамгийн оновчтой, шинжлэх ухаанд үндэслэж, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх ёстой” хэмээн JICA-аас хэрэгжүүлж буй Монгол Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө өгүүлж байлаа.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com