logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Шилжилтийн эринд өрсөлдөх чадвараар хангах хайгуулын суурь судалгааны төслүүд Монголд хангалтгүй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 13 11:00
    309

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Чухал ашигт малтмалд хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж буй ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар хайгуул, геологийн судалгааны үйл ажиллагаа, санхүүжүүлэлт багассаар байна

    Дэлхий нийт магадгүй сүүлийн 2000 жилийн турш олборлож, ашигласантайгаа дүйцэхүйц хэмжээний металл, ашигт малтмалыг дараагийн 25 жилийн хугацаанд олборлож, ашиглахаар байгааг Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан тэргүүн Майкл Стэнли “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. Шилжилтүүдийн эринд эрдэс баялгийн өрсөлдөх чадвараа сайжруулахад түшиц болох хайгуул, геологийн суурь судалгааны нөхцөл байдал дэлхийд болон Монголд ямар түвшинд байна вэ.

    Сонирхол өндөр, санхүүжилт бага

    Чухал ашигт малтмалд хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар хайгуул, геологийн судалгааны үйл ажиллагаа, санхүүжүүлэлт багассаар байна. Өнгөрсөн онд хайгуулын ажилд 12.8 тэрбум орчим ам.доллар зарцуулагдсан нь 10 гаруй жилийн өмнө 20 тэрбум ам.доллар давж байсан түүхэн дээд үзүүлэлттэй харьцуулахад бага дүн болохыг “S&P Global Commodity Insights” мэдээлж байв.

    Хайгуулын салбарт дийлэнх санхүүжилт олон жилийн настай хуучны төслүүдэд чиглэж, “greenfield” буюу цоо шинэ төслүүдэд бага хувь нь ногдож буй тул шинэ томоохон орд илрүүлэхэд маш хүндрэлтэй болох нь дамжиггүй аж.

    Мөн зөвхөн санхүүжилтийн хэмжээ бус харин санхүүжилт хаашаа чиглэж байна гэдэг нь дутахгүй санаа зовоох хүчин зүйл болохыг тус компанийн Судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи PDAC 2024-ийн үеэр өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. Тухайлбал: зэсийн шинэ төслийг хөгжүүлэх дундаж хугацаа өдгөө 10-аас дээш жил болсныг CRU-ийн судалгаа харуулжээ. Тиймээс улам бүр өсөж байгаа өртгийг нөхөхөөс гадна цаашдын эрсдэлийг удирдах талд давуу байдал олгох хүчин зүйл нь эхлээд сайн мэдээлэлтэй байх явдал болж байна.

    unnamed (4).jpg

    Судалгаа нэгдүгээрт

    Өдгөө Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувийг ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбай буюу хайгуулын талбай эзэлж байна. Харин геологийн суурь судалгаа болох 1:50000 масштабтай зураглал хийгдсэн талбайн эзлэх хувь 45 орчим хувьтай байна. Хэдий тийм боловч энэхүү зураглалыг 1970 оноос хойш хийсэн бөгөөд чанар нь 20-30 жилийн өмнө хийгдсэн зураглалтай харьцуулахад ялгаатай, хоцрогдолтойг “Mining Insight” сэтгүүлд дурджээ.

    “Хайгуулын суурь судалгааны төсөлд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм хэмжээний төсвөөр дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох ямар ч боломжгүй” хэмээн Монголын Геологийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одхүү өнгөрсөн онд сануулж байв. Одоогоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгааны 45 төсөл хэрэгжиж байгаагаас ашигт малтмалын хайгуул, эрлийн чиглэлээр хэрэгжиж буй долоон төсөл байгаа аж.

    unnamed (5).jpg

    Иймд геологийн нэмэлт мэдээлэл цуглуулж, суурь судалгааг богино хугацаанд технологийн дэвшлээр сайжруулж чадвал маш олон боломж гарч ирэхээр байна. Суурь судалгааны төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн бөгөөд цаашдаа ч энэ бодлого хадгалагдахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлж байлаа.

    2024 онд төсөвт 40 тэрбум төгрөгийг хайгуулын зардалд суулгаж, туршилтын шугамаар гурван тэрбум төгрөгийн хайгуулын суурь судалгаа хийх тендер зарлаад байгаа юм. Тендерт агаарын геофизикийн судалгаагаар Австралийн “Xcalibur” компани шалгарчээ.

    “Xcalibur”-ийн явц

    “Xcalibur” компани Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийг хамарсан 954 км.кв талбайд геофизикийн дэвшилтэт судалгааны хэд хэдэн арга, аргачлалаар цогц судалгаа хийж байна. Төслийн талбай “Оюу Толгой”-той ойрхон оршдог учраас хайгуулын хувьд маш ирээдүйтэй гэж харж байгаагаа “Xcalibur”-ийн Бизнес хөгжлийн ахлах менежер Мэтт Бломфилд PDAC 2024-ийн үеэр “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

    Шинэ технологи ашигласан дата мэдээлэл цуглуулах ажил нь ирэх дөрөвдүгээр сарын эцсээр дуусах төлөвтэй бөгөөд Засгийн газрын хувьд энэ оны дундуур төслийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа мөн илэрхийлж байв.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих