
Зургийг: С.Батсайхан
Энэ удаагийн сонгуулиар томоохон намууд бүгд эдийн засгийн олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, технологи, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбаруудаар хөрөнгө оруулалтын орчныг төрөлжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
“Asia House” хараат бус байгууллагын Ахлах зөвлөх Даниел Уорралл УИХ-ын 2024 оны сонгуулийн талаар гадаадын бизнес эрхлэгчид ямар хүлээлттэй байж, бизнесээ хэрхэн чиглүүлэх нь зүйтэй талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Тэрбээр “УИХ-ын шинэчлэгдсэн бүтэц, түүний үр дагавар нь тойргийн шинжтэй нарийн асуудлуудад гэхээс илүү үндэсний хэмжээний асуудалд чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлэхээс гадна Парламентын мэтгэлцээнийг илүү ширүүн болгох төлөвтэй”-г онцоллоо. Мөн шинэ тогтолцоо нь олон улсын хөрөнгө оруулалт татах сонирхол, ялангуяа эдийн засгийн төрөлжүүлэлтийн зорилтод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзсэн байна.
Бизнесүүдэд өгөх зөвлөмж:
- Монгол бол ардчилсан орон бөгөөд шинээр олон улсын хөрөнгө оруулалт татах эрмэлзлээ урт хугацааны бодлогын баримт бичигт тусгаж өгсөн тул Төрөөс дэмжлэг үзүүлж чадах салбаруудад олон улсын бизнес эрхлэгчдэд томоохон боломж нээлттэй байгаа.
- УИХ-ын нийт суудал, сонгогдох гишүүдийн тоо нэмэгдэхтэй холбоотойгоор шинээр бүрэлдэх танхимын “жигдрэх” хугацаа урт байж, Засгийн газарт өргөн хүрээний өөрчлөлт хийгдэх төлөвтэй.
- Аль нам олонх болсноос үл хамааран шинэ Парламентын гишүүд эдийн засаг, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангахыг урьтал болгохоор байна. Хэдий тийм боловч Монгол Ардын нам үнэмлэхүй олонхын статусаа алдвал хууль тогтоомжууд батлагдахад нэлээд хугацаа ордог болж магадгүй.
- Нийгмийн, мөн бохирдлын асуудлууд хадгалагдах ч дотоодын болон олон улсын зүгээс асуудлыг шийдэх идэвх зүтгэл нэмэгдэж байна.
- Монголд төсөл хэрэгжүүлэхээр зорьж, бизнес хөгжүүлэлтийн боломж хайж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд зохицуулагч байгууллагуудын болон оролцогч талуудын оролцоо нэмэгдэнэ гэдгийг тооцоолох шаардлагатай. Тиймээс дотоодын бизнес эрхлэгчид болон Төрийн байгууллагуудтай тогтвортой түншлэл, харилцаа холбоог хөгжүүлэх нь чухал юм.
Зах зээл, ханшид нөлөөлөх төлөв
Өмнөх сонгуулиудын үр дүн дотоодын хөрөнгийн зах зээл, ТОП-20 индексийн хөдөлгөөнд маш бага нөлөө үзүүлсээр иржээ. Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн 24 жилийн турш тогтмол суларсан байна. Ялангуяа 2004 оноос хойших сонгуультай жилүүдийг харвал төгрөгийн ханш тухайн жилийн сонгууль хүртэлх хугацаанд чангарч байгаад сонгуулийн дараа эргэн сулардаг зүй тогтол байнга ажиглагджээ.
“Иймд сүүлийн жил гаруйн турш ам.долларын эсрэг харьцангуй тогтвортой байгаа төгрөгийн ханш энэ сонгуулийн дараа буцаад унана гэсэн хүлээлт давамгайлж магадгүй. Хэдий тийм боловч макро эдийн засгийн сайн үзүүлэлтүүд хадгалагдаж, тэр дундаа Монгол Улсын гадаад өрийн хэмжээ даацтай буурвал сонгуультай ч бай, сонгуульгүй ч бай төгрөгийн ханш үргэлжлүүлэн чангарах”-ыг "Ти Ди Би Секьюритис ҮЦК"-ийн дэд захирал Г.Энхбат онцолж байв.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com