
Зургийг: Bloomberg/Uncredited/Chinatopix/AP
АНУ сүүлийн хэдэн жилийн турш БНХАУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн хөгжлийг хязгаарлахыг оролдож, удаа дараалсан экспортын хязгаарлалтын арга хэмжээ танилцуулсан. Харин БНХАУ-д буй гол хөзөр бол газрын ховор элемент.
Чип үйлдвэрлэлийг эрхшээх тэмцэл
Хагас дамжуулагчийн салбар дэлхийн эдийн засгийн жинхэнэ хөдөлгүүр нь болоод байна. Таны гар утас, автомашинаас эхлээд нүсэр дата төвүүд гээд бүхий л зүйлд чип ашиглагдаж байна. Чип үйлдвэрлэлийн дэлхийг хамарсан сүлжээ мөн асар хурдтайгаар өргөжиж буй.
Тэдгээрээс хамгийн томыг нь энгийнээр зураглавал Нидерландын “ASML” компани литограф буюу цахиур хавтанг загварчлах машин бүтээж Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing Company” (TSMC) компанид нийлүүлдэг. “TSMC” чипийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэнэ. Ингэхдээ Их Британийн “Arm Holdings”, мөн АНУ-ын “Nvidia Corporation”, “Apple” компанийн дизайныг ашигладаг.
Хагас дамжуулагчийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж буй БНХАУ-ын үйлдвэрлэдэг их хэмжээний цахилгаан барааг төсөөлөөд үзээрэй. Харин одоо тус улс барууны орнуудаас хамаарлаа бууруулж, өөрийн гэсэн чипийн үйлдвэрлэлтэй болохыг зорьж буй. Өнгөрсөн онд “Huawei Technologies” компани шинэ загварын ухаалаг гар утсаа дотооддоо үйлдвэрлэсэн долоон нанометрийн дэвшилтэт чипээр тоноглож, АНУ-ыг сандаргаж байсан нь үүний сүүлийн жишээ.
Үүнээс болоод Вашингтон энэ салбарыг бүхэлд нь овоо хараандаа авсан. Тэд БНХАУ-ын чипийн салбарын өсөлтийг хязгаарлахын тулд экспортдоо илүү хяналт тавьж, өндөр тариф тогтоож буй. Мөн АНУ-ын хөрсөн дээр чип үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.
Гол хөзөр Хятадад
Хэдий тийм боловч тариф тогтоосноор асуудлыг бүрэн шийдэхгүй. Чипийг эхнээс нь эцэс хүртэл ямар ч компани дангаараа үйлдвэрлэх боломжгүй. Дээр дурдсанчлан компаниуд энэ салбарт нарийн уялдаа холбоотой байдаг. Дээр нь БНХАУ хариу арга хэмжээ авах эрсдэл бий.
Чип үйлдвэрлэлд ихээр ашиглагддаг газрын ховор элементийн газрын ховор элементийн зах зээлд олборлолтоос боловсруулалт хүртэл бүхий л үе шатыг “баздаг” БНХАУ анх 2008 онд боловсруулах технологийн экспортдоо тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж байв. Харин өнгөрсөн онд хоригоо бүр өргөтгөж, ховор элемент ялгах бүх технологи болон газрын ховор элементийн соронз үйлдвэрлэлийн технологийн экспортыг хязгаарлах жагсаалт гаргасан юм.
АНУ-ын Засгийн газрын тооцооллоор 2022 онд дэлхийн нийт олборлосон газрын ховор элементийн гуравны хоёроос илүү хувь, мөн газрын ховор элемент боловсруулах нийт хүчин чадлын бараг 100 хувь нь БНХАУ-д ногдож байжээ.
Бас үйлдвэрлэлд шууд ашиглагддаг үндсэн бүтээгдэхүүн нь болох газрын ховор элементийн соронзын нийлүүлэлтэд мөн л тус улс давамгайлж байна. Иймд барууны орнууд цаашид энэ чиглэлд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулахыг зорьж, бусад бүс нутаг дахь олборлолт, боловсруулалтад ихээхэн хөрөнгө оруулалт амлах нь дамжиггүй юм.