
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Монгол Улсын инфляц үргэлжлэн саарч, гурав дахь сардаа дараалан Төв банкны зорилтот түвшинд хадгалагдлаа. Хоёрдугаар сард инфляцын түвшин долоон хувьтай гарсан нь өмнөх сараасаа 0.6 нэгж хувиар буурсан үзүүлэлт болов.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, талх, гурил, будааны үнэ 14 хувиар өсжээ.
Мөн инфляцын 41 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ бүрдүүлсэн байна. Өмнөх саруудад төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлж байв. Хэдий тийм боловч энэ онд төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа аж.
Тиймээс инфляцын саарах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд хэмжээнд ирж тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж байна гэж Монголбанк мэдээлсэн юм.
Дэлхий даяар инфляц саарч буй ч томоохон Төв банкнууд инфляцыг хяналтдаа авсан гэхэд эрт байгаа гэж үзэж байна. Тиймээс Монголбанк ч АНУ-ын Холбооны Нөөцийн банк, Европын Төв банкны адил бодлогын хүүгээ бууруулахаар яарахгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.