
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Томоохон сонгуулиуд болон эдийн засгийн хүндрэл давхцахаар байгаа ойрын хоёр жилд дэлхий нийтэд учирч болох хамгийн том эрсдэл нь хуурамч, ташаа мэдээлэл байхыг Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа харуулж байна.
Таагүй давхцал
Дэлхийн элитүүд Швейцарын Давост чуулахын өмнө жил бүр гаргадаг “Олон улсын эрсдэлийн судалгаа”-нд энэ онд 1400 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид хамрагдаж, ойрын хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэлүүдийн нэгдүгээрт хуурамч, ташаа мэдээллийг эрэмбэлсэн байна. Харин ирэх 10 жилийн эрсдэлүүдийн тоонд эрүүл мэнд, байгаль орчинтой холбоотой санаа зовнил давамгайлсан нь өмнөх судалгаануудад ч ажиглагдаж байсан хандлага юм.
Энэ онд гурван тэрбум давсан хүн саналаа өгөх бөгөөд тэр дундаа АНУ, Энэтхэг, Их Британийн сонгуулийн үр дүн олон улсад хамгийн том нөлөөтэй байхаар байна. Инфляцын “шок”, бодлогын хүүгийн өндөр түвшинд туйлдсан эдийн засаг болон хуурамч контентын ид өсөлт сонгуулийн жилд давхацсан нь ирэх саруудад маш хүндхэн нөхцөл байдал үүсгэж болзошгүйг Дэлхийн эдийн засгийн форумын захирал Саадиа Захиди “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Монголд ямар эрсдэлүүд тулгарах вэ?
Улс бүхэнд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр эдийн засгийн уналт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт нэрлэгдсэн бол ажиллах хүчний хомсдол болон инфляц дараагаар нь оржээ.
Олон улсын байгууллагууд, үнэлгээний агентлагуудын анхааруулсанчлан Монголд макро эдийн засгийн эрсдэлүүд өндөр хэвээр байгаа нь тэргүүлэх таван эрсдэлийн дөрөв нь эдийн засагтай холбоотой байгаагаас харагдаж байна.
Эдийн засгийн уналт: Дийлэнх олон улсын байгууллагуудын төсөөллөөр энэ онд эдийн засгийн өсөлт эрчимжих төлөвтэй ч цаашид тогтвортой хадгалахад төсвийн тэлэлт, өрийн дахин санхүүжүүлэлт эрсдэл учруулахаар байгааг анхааруулж буй. Түүнчлэн түүхий эдийн эрэлтээс үүдэлтэй гадаад "шок"-т хэт эмзэг Монгол Улсад БНХАУ-ын үйлдвэрлэл удаашрах нь томоохон сөрөг нөлөө үзүүлэх магадлалтайг Дэлхийн банк тайландаа онцолжээ.
“Түүхий эдийн эрэлт сайн байх жилд л Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа. Мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтвортой байхгүй учраас маш оновчтой зарцуулах ёстой” хэмээн Эдийн засагч Н.Энхбаяр онцолж байлаа.
Ажиллах хүчний хомсдол: Цар тахлаас хойш дийлэнх салбарт, ялангуяа хөдөлмөр их шингээдэг, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарт тулгарч буй гол асуудлуудын нэг нь ажиллах хүчний хомсдол болоод байна.
Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хадгалагдаж буй боловч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байгааг Монголбанк өнгөрсөн оны инфляцын тайландаа дурдаж байв.
Инфляц: Монголбанкны зорилтот түвшин рүү дөнгөж ороод байгаа инфляц сонгуулийн өмнөх уламжлалт зардлын өсөлт, цалин хөлсний нэмэгдэл зэргээс шалтгаалан оны эцсээр дахин хөөргөдөх эрсдэл нэлээн өндөр байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com