
Зургийг: Adrian McNeece/Bloomberg
“Rio Tinto”-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг Норвегийн Баялгийн сан тус компаниас дахин нүүрээ буруулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар асуудал үүнд хөтлөв?
Боксит олборлогч ба “Rio Tinto”
Норвегийн Баялгийн сангийн Ёс зүйн зөвлөх хорооноос Бразил дахь “Rio Tinto” компанийн хамаарал бүхий уурхайн байгаль орчны нөлөөллийн талаар асуудлыг сөхсөн нь 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй тус сан цаашид “Rio Tinto”-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг хэвээр байх эсэх тухай эргэлзээ дахин бий болоход хүргээд байна.
Ойрын эх сурвалжийн “Bloomberg”-т өгсөн мэдээллээр Ёс зүйн хороо нь Норвегийн Баялгийн санд “Rio Tinto”-д эзэмшдэг хувьцаагаа шилжүүлэх зөвлөмж өгөх талаар судалж эхэлсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа аж.
Асуудлын гол нь Бразилд хөнгөн цагааны хүдэр буюу боксит олборлодог “Mineracao Rio Do Norte” (MRN) компанийн 22 хувийг “Rio Tinto” эзэмшдэгтэй холбоотой. Ёс зүйн хорооноос тус компанийн уурхай нь бүс нутгийн ой мод устахад хэрхэн нөлөөлж байгаад хурцаар анхаарал хандуулж эхэлжээ. Түүнчлэн тус хороо сүүлийн саруудад энэ асуудлаар “Rio Tinto”-той идэвхтэй яриа өрнүүлж байгааг мэдээлсэн байна.
“Rio Tinto”-ийн зүгээс энэ талаар мэдэгдэл хийхдээ “Mineracao Rio Do Norte” компанийн үйл ажиллагааг удирддаггүйгээ тодотгоод, “Тухайн компани нь салбарын сайн туршлага, хувьцаа эзэмшигчдийн хүлээлтэд нийцэхийн тулд байгаль орчин, нийгмийн хүрээний үйл ажиллагаагаа үе шаттай сайжруулахаар ажиллаж байгаа” хэмээжээ.
Гашуун сургамж бий
Ёс зүйн хорооны дэвшүүлсэн асуудал нь “Rio Tinto”-ийн төслүүдийг тойрсон маргаантай асуудлуудын сүүлийн жишээ болж байна. “Rio Tinto”-ийн Индонез дэх Грасберг уурхайн байгаль орчинд учруулсан хохирлоос болж Норвегийн Баялгийн сан тус компанид эзэмшдэг хувьцаагаа зарж, 10 гаруй жилийн турш хувьцааг нь дахиж авахаас татгалзсаны эцэст 2019 оноос л хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж байжээ.
Нөхцөл байдал хамгийн муугаар эргэж, Норвегийн Баялгийн сан хөрөнгө оруулалтаа дахин зогсоолоо гэхэд дэлхийд хоёрдугаарт ордог уул уурхайн компани “Rio Tinto”-д маш том цохилт болох юм. Тайлангаас харвал дээрх сан нь “Rio Tinto”-ийн тав дахь том хөрөнгө оруулагч бөгөөд сүүлийн байдлаар тус компанийн 2.6 хувийг эзэмшиж байна. Энэ нь ойролцоогоор 2.7 тэрбум ам.доллартой дүйцэх дүн аж.
Дашрамд дурдахад, MRN компанид “Rio Tinto”-оос гадна “Glencore” 45 хувь, Австралийн “South32” компани 33 хувийг нь эзэмшдэг байна. Норвегийн Баялгийн сан 2020 онд эрчим хүчний нүүрс олборлолттой нь холбоотойгоор “Glencore”-д эзэмшдэг бүх хувьцаагаа мөн л зарж байв.
Ямар учиртай сан, ямар учиртай хороо вэ?
Хараат бус засаглалтай Ёс зүйн хороо нь дэлхийн хамгийн том үндэсний баялгийн сан болох Норвегийн Баялгийн сангийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангийн толгой компани “Norges Bank Investment Management”-ийн хийсэн хөрөнгө оруулалтуудыг шинжилж, ёс зүйн дүрэм журмуудыг чанд даган мөрдөж буйг баталгаажуулах нь тус хорооны хийдэг гол ажил юм. Тиймээс тодорхой компаниудыг сангаас хасах, эсвэл ажиглалтын жагсаалтад оруулах талаар зөвлөмж өгөх эрх мэдэлтэй аж.
“Norges Bank Investment Management” нь 2015 оноос хойш Ёс зүйн хорооноос өгсөн байгаль орчинтой холбоотой бүхий л зөвлөмжийг даган биелүүлжээ.
Хувьцаагаа нээлттэй арилжаалдаг дэлхийн бүх компаниудад дунджаар 1.5 хувьтай нь дүйцэх хувьцаа эзэмшдэг Норвегийн Баялгийн сангийн шийдвэрүүд, алхмуудыг дэлхийн бусад баялгийн сангууд анхааралтай ажигладаг. Сүүлийн жилүүдэд тус сан байгаль орчин, нийгэм, засаглалын хүчин зүйлсийг харгалзан эзэмшдэг хувьцаагаа зарах нь нэмэгджээ.