
Зургийг: netflix.com
Дэлхийг байлдан дагуулсан "Netflix"-ийн “Squid Game” цувралын шинэ улирал үзэгчид, шүүмжлэгчдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй нь тус бүтээлтэй хамаарал бүхий БНСУ-ын компаниудын хувьцаа огцом унахад нөлөөлжээ.
Тухайлбал: кино бүтээлийн дистрибьюшн, маркетингийн "Artist United" компанийн хувьцаа "Kosdaq" биржид 30 хувиар унаж, ханшийн нэг өдрийн хөдөлгөөний хязгаарт туллаа. Тус компанид цувралын гол дүрийн жүжигчин И Жүн Жэ хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшдэг аж.
Мөн "Artist United"-ийн өөр нэг хөрөнгө оруулагч "Wysiwyg Studios"-ийн хувьцаа 25 хувиар, "Netflix"-ийн БНСУ дахь түнш "Dexter Studios"-ийн хувьцаана ханш 24 хувиар унасан байна.
2021 онд "Netflix"-ийн хамгийн их үзэлттэй цуврал болж, БНСУ-ын энтертайнмент салбарын хувьцаанууд цойлоход түлхэц өгч байсан "Squid Game"-ийн хоёрдугаар улирлын ангиуд 12 дугаар сарын 26-нд үзэгчдийн хүртээл болсон юм. Цувралын шинэ улирал одоогоор "Rotten Tomatoes" дээр шүүмжлэгчдээс 85 хувь, үзэгчдээс 65 хувийн үнэлгээтэй байна.