
Зургийг: Universal Images Group/Getty Images
(Bloomberg) -- Сингапурын "Чанги" олон улсын нисэх буудал “Skytrax”-аас жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг нисэх буудал”-ын эрэмбэд энэ онд тэргүүн байраа эргүүлэн авчээ. Өнгөрсөн онд тус эрэмбэд тэргүүлж байсан Катарын Доха хотын "Хамад" нисэх буудал хоёрдугаар байр руу ухарсан байна.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааг гол үзүүлэлт болгосон 2025 оны эрэмбэд Азийн нисэх буудлууд мөн л өнгөлж, Токиогийн Ханеда болон Нарита, Сөүлийн Инчон эхний тавд багтжээ. Түүнчлэн хоёр жилийн өмнө 33 дугаарт эрэмбэлэгдэж байсан Хонконгийн олон улсын нисэх буудал цар тахлаас үүдэлтэй хүндрэлээ бүрэн арилгаснаар энэ онд зургаадугаар байрт орж ирсэн байна.
Сингапурын нисэх буудал ийнхүү 13 дахь удаагаа “Skytrax"-ийн эрэмбэд шилдгээр тодорлоо. Өнгөрсөн онд тус нисэх буудал гаалийн шалган нэвтрүүлэх хэсэгт хүний биометрийн мэдээллийг ашиглаж эхэлснээр зорчигчдын паспортыг шалгах шаардлагагүй болсноо мэдээлж байв. Мөн энэ оны эхний хагаст Сингапур "Чанги" нисэх буудлын шинэ терминалын барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд 2030-аад оны дунд үед ашиглалтад орсноор нисэх буудлын зорчигч хүлээн авах хүчин чадал жилийн 50 саяар нэмэгдэж, дэлхийн 200 гаруй чиглэлд үйлчилдэг болохыг онцолсон юм.
Sheryl Tian Tong Lee