
Зургийг: Jeoffrey Guillemard/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани асар хурдан цэнэглэх технологи бүхий цэнэг хураагуур, цэнэглэгчийн шинэ систем дэмждэг цахилгаан автомашины загваруудаа танилцуулсны дараа хувьцааны ханшийн өсөлт нь өдрийн арилжааны дээд амжилтаа эвджээ. Шинэ систем нь энгийн автомашинд шатахуун хийхтэй бараг ижил хугацаанд цахилгаан автомашиныг цэнэглэх боломж олгоно хэмээн тус компанийн зүгээс онцолсон байна.
Мягмар гарагийн өглөөний арилжаагаар тус компанийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид зургаа хүртэлх хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 162 тэрбум ам.доллар дөхсөн нь “Ford”, “General Motors”, “Volkswagen”-ийн үнэлгээг нийлүүлснээс ч өндөр дүн болж байгаа юм.
“BYD”-ийн цэнэг хураагуур, цэнэглэгчийн шинэ системийг сүүлд гаргасан седан ангиллын "Han L" автомашинд туршихад 400 км зай туулахад хангалттай цэнэг таван минутын дотор авч байсныг тус компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ван Чуаньфу мэдээлсэн байна. Компани ирэх сараас дээрх шинэ технологиор тоноглогдсон автомашинуудаа борлуулж эхлэхээр төлөвлөсөн аж.
Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин шатахуун түгээх станцад үйлчлүүлээд гарахтай ижил хугацаанд цахилгаан автомашиныг цэнэглэдэг болсноор автомашинаа цэнэглэх гэж олон цаг хүлээх хүсэлгүй жолооч нарыг татах маш том давуу тал болох юм. "Энэ бол “BYD” стратегийн шилжилт эхлүүлсний дохио гэж үзэж байна. Үнэ, загвар, шинэ содон бүтээгдэхүүнээр өрсөлдөхийн оронд “BYD” гол технологи, үйлдвэрлэлийн цар хүрээг давуу тал болгож, энэхүү өндөр өрсөлдөөнтэй зах зээлд онцгойрох арга замууд эрэлхийлж байна" хэмээн “Macquarie Capital”-ийн шинжээчид бичжээ.