
Зургийг: С.Батсайхан
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин өнгөрсөн оны IV улирлын байдлаар хоёр сая 229 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 448 мянган төгрөгөөр буюу 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Харин нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг болж, 19.5 хувиар өсжээ.
Сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оныхоос хоёр дахин нэмэгдсэн бол иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 46 хувиар нэмэгдээд байгаа аж.
Иргэдийн бодит цалин хангалттай өсөхгүй байгаагаас гадаадад ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо буурахгүй, улмаар хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол бий болоход нөлөөлж буйг салбарын яамны судалгаанд тодотгож байна. Цаашид ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхийн тулд бодит цалинг бүтээмжтэй уялдуулан өсгөх шаардлагатайг тус судалгаанд онцолжээ.
Олон улсын байгууллага, уул уурхайн салбарын бодит цалингийн индекс 2023 оны IV улирлаас 2.3-8.4 хувиар буурсан бол бусад салбарынх 8.9-27.7 хувиар өсжээ. Үүний дотор ус хангамж, хог хаягдал, үйлчилгээний салбарт ажиллагсдын бодит цалингийн индекс хамгийн өндөр буюу 20-27.7 хувиар нэмэгдсэн байна.
Мөн төсөвт байгууллагын ажилчдын сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 690 мянган төгрөг болж, 24.4 хувиар нэмэгджээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгох шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.