
Зургийг: president.mn
Гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан жилүүдийн эцэст Монгол Улсад айлчлал хийж буй гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдийн буухиаг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр үргэлжлүүлж байна. Тэрбээр Монгол Улсад айлчилж буй ХБНГУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч болж байгаа юм.
Гадаад харилцааны шинэ хуудас
Монгол Улс, Франц улсын Төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийж, “Оюу Толгой”-оос хойших уул уурхайн хамгийн том гэрээний суурийг тавьсан, Гэгээн ширээт улсаас Монголын эзэнт гүрэнд элч илгээснээс 777 жилийн дараа Ромын Пап Монгол Улсад айлчилсан зэрэг 2023 он гадаад харилцааны хувьд түүхэнд бичигдэх жил болсон юм.
Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр тус улсын Төрийн тэргүүн Франк-Вальтер Штайнмайэр хүрэлцэн ирж байна. 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол улсад айлчилж байсан юм. Тэрбээр энэ он гарсаар гурав дахь гадаад айлчлалаа ийнхүү Монгол Улсад хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, археологи зэрэг зургаан салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах аж. Мэдээж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшнийг ахиулах хүчин чармайлт болохоос гадна энэхүү айлчлал нь геополитикийн хувьд томоохон ач холбогдолтой байхыг “Конрад Аденауэр” сан онцолж байна. Тухайлбал: Герман улс БНХАУ-аас чухал ашигт малтмалын хамаарлаа бууруулах үүднээс энэ чиглэлд сүүлд нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Худалдааны орон зай
Европын Холбооны гол хөдөлгөгч хүч, мөн Европын хамгийн том эдийн засагтай орон болох ХБНГУ-аас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Монгол Улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.7 хувийг Герман улс бүрдүүлсэн бөгөөд 1990-2023 онд тус улсын 113 компани 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоогоор Герман улсын хөрөнгө оруулалттай 30 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй.
Хоёр улс хоорондын худалдаа ч мөн төдийлөн өргөн хүрээг хамардаггүй бөгөөд 2023 онд Монгол-Германы гадаад худалдааны нийт бараа эргэлтийн ердөө 6.5 хувийг Монголын экспорт бүрдүүлжээ. Харин хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд тус улс 1991 оноос хойш 529.6 сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
“Ирэх 50 жилийн хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлсон томоохон айлчлал болох гэж байна. Айлчлалаас хүлээх үр дүнг мөнгөн дүнгээр бус, харин улс төрийн ач холбогдлоор хэмжих хэрэгтэй. Европоос Монголын гуравдагч хөршийн хамгийн том потенциалтай орны Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж байгаа нь айлчлалын улс төрийн ач холбогдлыг илтгэж байна”
“Зөвхөн ХБНГУ-ын хувьд биш Европын хувьд ялангуяа геополитикийн хүрээнд Монгол бол анзаарах ёстой улс. Харин хөрөнгө оруулалт, эдийн засгийн түншлэлийн хувьд айлчлалаар магадгүй ямар нэг хүрээ, эсвэл урьдчилсан нөхцөл тохиролцож болох юм. ХБНГУ-ын томоохон бизнес түншүүд, жишээ нь: “Deutsche Bundesbahn” гээд бүгд хувийн хэвшлийнх байдаг. Германаас хийх гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаа тэд бие даан шийддэг”