
Зургийг: David Paul Morris/Bloomberg
Тим Кук тэргүүтэй “Apple” компанийн удирдлагууд “ChatGPT”-ийг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэхээр болсноо энэ долоо хоногт ил болгосон ч “OpenAI” компанитай байгуулсан түншлэлийнхээ санхүү талын мэдээллээс огт дурдаагүй юм. Тэр ч байтугай хамтын ажиллагааны хүрээнд аль компани нь нөгөөдөө мөнгө төлж байгаа нь ч тодорхойгүй байв.
Ойрын эх сурвалжаас авсан “Bloomberg”-ийн мэдээллээр энэхүү түншлэл нь наанадаж эхэн шатандаа талуудад дорвитой хэмжээний орлогын эх үүсвэр болох хүлээлтгүй байгаа бололтой. Тодруулбал: “Apple” хиймэл оюунт чатботын интеграцын хариуд “OpenAI”-д мөнгө төлөхгүй аж.
Харин үүний оронд “OpenAI”-ийн брэнд болон технологийг олон зуун сая хэрэглэгчийнхээ өдөр тутам ашигладаг төхөөрөмжүүдэд нэвтрүүлснээр ямар ч мөнгөн төлөлттэй дүйцэх, эсвэл илүү гарах хэмжээний үнэ цэн бий болгоно гэж “Apple” компани үзэж буйг онцолжээ.
Хэдий тийм боловч “Apple”, “OpenAI”-ийн хэлцэлд мөнгө гол хүчин зүйл нь биш байлаа ч яваандаа төлбөрийн асуудал сөхөгдөх боломжтой, ялангуяа одоогийн бүтцийг нь харвал тус хэлцэл “OpenAI”-ийн хувьд нэлээн өртөгтэй болж магадгүй гэж “Bloomberg”-ийн шинжээч үзэж байна.
“ChatGPT”-ийг олон хүн хэрэглэх тусам “OpenAI”-ийн зарцуулалт нэмэгдэх нь гарцаагүй. Мөн тус компани “Azure” үүлэн тооцооллын системд “ChatGPT”-ийн серверийг байршуулахад “Microsoft”-д ихээхэн хэмжээний төлбөр төлж байгааг тодотгожээ.