Зургийг: Raul Ariano/Bloomberg
2025 оны Төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Ирэх оны төсвийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүсийн хэмжээнд хэрэгжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого баримталсан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, үр бүтээмжийн жил байж, ялангуяа эдийн засгийн орлогыг дэд бүтэц рүү чиглүүлэхэд анхаарч байгааг тэрбээр онцолж байна.
Сүүлийн 10 жилд нийгмийн салбарын дэд бүтцийг түлхүү бүрдүүлсэн бол 2025 оны төсөв нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх дэд бүтцүүд рүү түлхүү чиглэх аж. Тухайлбал: аймгийг аймагтай, аймгийн боомттой холбох болон аялал жуулчлалын 4439 км зам тавигдахаас гадна шинэ эх үүсвэр найдвартай байдал, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадал, мөн инженерийн дэд бүтэц, орон сууцжуулах, хувийн хэвшлийг дэмжих юм байна.
Ирэх оны төсөвт анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээс 2.9 их наяд төгрөг буюу 42 хувь нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн салбарт хийгдэнэ гэж салбарын яам тодотгож байна.
Харин улсын төсвөөс 3.5 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийгдэх ба үүний 84 хувь нь зам тээврийн салбарт, есөн хувь нь дэд бүтэц, орон сууцжуулалт, долоон хувь нь эрчим хүчний салбарт зарцуулагдах ажээ.
Үүнээс гадна 2025 оны төсвийн бодлого томоохон төслүүдийг эхлүүлэх, Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ гэдгийг Сангийн сайд онцоллоо. Тухайлбал: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум төгрөг, хоногт 250 мянган м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Мөн “Таван тойрог” авто замын төслийн хүрээнд ирэх онд нийт 2,120.9 км авто зам шинээр барихаар төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Үүнээс гадна боомтуудын шинэчлэл, бүс нутгийн найдвартай цахилгаан хангамж, нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон мега төслүүдийг танилцууллаа. Эдгээр төслийн дийлэнх нь хувийн хэвшил, Төрийн өмчит компаниуд, Төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад санхүүжилтээр хэрэгжих юм байна.