
Зургийг: С.Батсайхан
Өнгөрсөн онд иргэдийн хэрэглээний зээл цойлж, бизнесийн зээл салбар бүрд жигд өсөхтэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрч буурсан байна. 2024 оны ихэнх хугацаанд бодлогын хүү 10 хувьд хадгалагдсан боловч банкны салбарын зээлийн үлдэгдэл 35 хувиар, иргэдэд шинээр олгосон зээл 30 хувиар өсжээ. Мөн зээлийн дундаж хүү 16.9 хувь буюу өмнөх оныхоосоо төдийлөн өөрчлөлтгүй байсан нь Монголбанкны бодлогын нөлөөлөл дорвитой илрээгүйг харуулж байна.
Төв банк сүүлийн хурлаараа бодлогын хүүг эргэн 12 хувьд хүргэсний сацуу зээлийг хумих бодлогоо улам чангатгаж, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоосон юм. Харин бизнесийн зээл олголт 37 хувиар өссөнөөс худалдаа үйлчилгээний салбарт олгосон зээл үнийн дүнгээр ч, өсөлтөөрөө ч тэргүүлсэн хэвээр байна.
Өнгөрсөн онд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байснаар төгрөгийн хадгаламж 22.1 их наяд төгрөгт хүрч, нөгөө талд валютын хадгаламж гурван хувиар буурсан байна. Ингэснээр эдийн засгийн аливаа шокийг шингээхэд чухал үүрэгтэй банкнуудын эх үүсвэр 15 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ. Системийн нөлөө бүхий банкнуудаас ХААН Банкны эх үүсвэр 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 14 их наяд төгрөг дөхсөн бол Худалдаа, хөгжлийн банкных 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 9.7 их наяд төгрөг болсноороо тэргүүлж байна.
Халалтын тохироо
Банкны харилцах, хадгаламж өссөн нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлт төдий чинээ нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн инфляц, зарцуулалт өсөх үзэгдэл буюу “эдийн засгийн халалт” ирсний дохио болж байна. Ийм нөхцөлд өсөлтийг тогтвортой хадгалах боломж хязгаарлагдаж, инфляцад улам түлхэц болж, улмаар Төв банк бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авахаас өөр аргагүй болохыг эдийн засагчид анхааруулж байлаа.
Банкны салбарт өсөлт давамгайлж буй ч 2025 онд энэ үзүүлэлтүүдээ хадгалж чадах эсэх нь эргэлзээтэйг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлж байв. Төсөв, урсгал дансны “хос алдагдал” бий болсон үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний өсөлтөд найдан төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, томоохон төслүүд эхлүүлэхээр бэлтгэж байгаа нь “алаагүй баавгайн арьсыг хуваахтай” ижил зүйл болж байгааг Монголын банкны холбоо тоймдоо онцолжээ.