
Зургийг: Sean Gallup/Getty Images
2019 он хүртэл цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээл эрчимтэй тэлж байсан ч цар тахлын улмаас үйлдвэрлэл, борлуулалт эрс тасалдаад байна. Одоогийн нөхцөл байдал, өсөлтийг дэмжиж буй бүхий л талын хүчин зүйлсийг авч үзвэл ирэх жилүүдэд цахилгаан автомашин нь дэлхийн автомашины зах зээлд голлох байр суурь эзлэх нь тодорхой байгаа юм. Хэдий тийм боловч ирэх гурван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд автомашины борлуулалтад Covid-19-ийн нөлөө хадгалагдсаар байх төлөвтэй гэж "Deloitte" үзэж байгаа аж.
Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд цахилгаан автомашины борлуулалт өмнөх оныхоосоо 15 хувиар өссөн төдийгүй анх удаа дэлхийн хэмжээнд хоёр сая гаруй цахилгаан автомашин борлуулагдаж байжээ.
Харин дараагийн 10 жилд цахилгаан автомашины борлуулалтын жилийн дундаж өсөлт 29 хувьтай байна гэж “Deloitte” тооцоолж байна.
Цахилгаан автомашины нийт борлуулалт 2025 онд 11.2 сая, 2030 онд 31.1 сая хүрэх ба ингэснээр дэлхий даяарх шинэ автомашины нийт борлуулалтын 32 хувийг цахилгаан автомашин эзэлдэг болох төлөвтэй байгаа аж. 2030 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 49 хувийг БНХАУ, 27 хувийг Европ, 14 хувийг АНУ бүрдүүлнэ гэж “Deloitte” судалгаандаа онцолжээ.
“Deloitte”-ийн зүгээс цахилгаан автомашины өсөлтөд нөлөөлөх дөрвөн гол хүчин зүйлийг тайландаа тодорхойлсон байна. Тухайлбал: хэрэглэгчийн хүлээлт, худалдан авах сэдлийн өөрчлөлт болон нэг удаагийн цэнэглэлтээр туулах зай, бүрэн цэнэглэх хугацаа, үнэ болон ашиглалтын зардал, цэнэглэх станцын дэд бүтэц зэрэг өдгөө цахилгаан автомашин худалдан авахад тулгардаг саад бэрхшээл яваандаа багасна гэж үзэж байгаа аж. Хоёрдугаарт, бодлого болон эрх зүйн орчныг онцолж байна. Засгийн газруудын оролцоо цахилгаан автомашины борлуулалтыг цаашид ч дэмжсэн хэвээр байх төлөвтэй гэж тодотголоо. БНХАУ, Норвег зэрэг улсад хэрэгжүүлсэн татаас, урамшуулал зэрэг амжилттай шийдлүүд цаашид илүү олон улсад хэрэгжинэ гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн үйлдвэрлэгчдийн стратеги буюу загваруудын нэр төрлийг илүү олон болгох, боломжийн үнэтэй загварууд гаргах зэрэг алхмууд нөлөөлөхөөс гадна компаниудын дэмжлэг томоохон үүрэг гүйцэтгэхээр байгааг онцолжээ. Үүнд томоохон компаниудын хөрөнгө оруулалт, цахилгаан автомашин худалдан авалт зэрэг багтана гэдгийг дурдсан байна.