Зургийг: Taylor Weidman/Bloomberg
2024 онд Монгол Улсад инфляцын сааралт өмнөх жилийнхээс бага байж, аялал жуулчлалын салбарын өсөлт эдийн засагт түлхэц болох төлөвтэй гэж хөрөнгө оруулалтын банк “Mongolia International Capital Corporation” энэ оны эдийн засгийн төлөвийн тайландаа онцоллоо.
Мөн уул уурхайн салбарын олборлолтын хэмжээ үргэлжлэн өсөхөөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлнө гэж тодотгосон байна.
2024 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.2 хувиар өсөхөд уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлнө гэж Дэлхийн банк тооцоолоод байгаа юм.
“Монгол Улс, БНХАУ хоорондын нүүрсний арилжаа үргэлжлэн өсөхөөр байгаа нь давуу тал болох хэдий ч хэт хамааралтай байдал эрсдэл дагуулж болзошгүй”-г анхааруулж байна. Тухайлбал: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нөхцөл байдал, сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлт зэрэг хүчин зүйлс эрэлтэд сорилт дагуулахаар байгааг онцоллоо. Мөн олон улсын хэмжээнд ашигт малтмалын үнийн тогтворгүй байдал Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.
Үүнээс гадна гадаад харилцаа өргөжиж, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхээр байгаа нь дэд бүтцийг эрчимжүүлэхэд дэмжлэг болох төлөвтэй байгаа аж. Мөн ногоон санхүүжилтийн хэмжээ өсөхөөр байгаа нь эргээд тогтвортой хөгжлийн чиглэлд боломжуудыг нэмэгдүүлэх эерэг хүлээлттэй байгааг “Mongolia International Capital Corporation” эдийн засгийн төлөвийн тайландаа онцолжээ.