
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Цар тахлаас хойш эдийн засгийн ихэнх салбарт ажиллах хүчний хомсдол хамгийн том асуудлуудын нэг болоод байна. Энэ онд ажиллах хүчний эрэлт хамгийн их байх салбаруудын тэргүүн эгнээнд бичигдэж буй барилгын салбарт нөхцөл байдал бүр хүндрэх төлөвтэй.
Ердөө 40 хувь
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанаас харвал 2024 онд барилгын салбарт 15.3 мянган ажиллах хүчний эрэлт бий болсноор нийт эрэлтийн 16 хувийг эзлэхээр байгаа аж. Гэтэл дотоодын их, дээд сургуулиудад барилгын чиглэлийн 28 мэргэжлээр 7601 суралцагч суралцаж байгаа нь эрэлтийн 40 орчим хувийг л хангах боломжтойг “Barilga.MN” хөнджээ.
Тэр дундаа барилгын туслах ажилчин, мужаан, засал чимэглэлч, шаварчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн сургалтын төвүүдэд голчлон бэлтгэдэг мэргэжлүүдэд хамгийн их хомсдол үүсэхээр байгаа аж.
Ажиллах нөхцөл хүнд, улирлын чанартай, ажлын байр тогтворгүй, цалин бага зэрэг сөрөг ойлголтууд нь залуус барилгын мэргэжлээр суралцахаас татгалзах гол хүчин зүйл болдог. Монголбанкнаас гаргасан хөдөлмөрийн орлого ба боловсролын зөрүүний судалгаанаас харвал барилгын салбарт мэргэжлээрээ ажиллаж буй ажиллагсад 55.3 хувийг эзэлж байгаа бол 25.3 хувийг мэргэжил эзэмшээгүй ажиллагсад бүрдүүлжээ.
Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн Боловсол, Шинжлэх ухааны яамны тооцоо бий ч монгол залуучуудын ихэнх нь академик боловсрол эзэмшихийг илүүд үзэх хандлагатай болж, мэргэжилд суурилсан боловсон хүчний дутагдал улам даамжрах эрсдэл өндөр байна.
Гадаадаас ажилчин авах уу?
Нэгэнт мэргэжилтнүүдийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах шаардлага тулгарна. Гэтэл холбогдох хуульд “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь нэг сард гадаадын иргэн бүрд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж заажээ.
Үүн дээр тухайн ажилтны виз, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, орон байр зэрэг зардлыг нэмж тооцвол гадаадын нэг ажилтан нэг сар ажиллуулахад гарах зардал 7.6 сая төгрөг болж байгааг “Barilga.MN” тооцоолжээ. Харьцуулбал Монгол Улсын барилгын салбарын дундаж цалин 2,072,900 төгрөг байгаа юм.
Тиймээс барилгын салбарт бий болсон хүний нөөцийн хомсдолыг арилгахын тулд цаашид бодлогын түвшинд энэ асуудлыг авч хэрэгжүүлэх, барилгын салбарт мэргэжилтнүүд бэлтгэж буй боловсролын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн ажлын үнэлгээг олон улсын жишигт нийцүүлж, өрсөлдөхүйц цалин хөлсний систем бий болгох зэрэг арга хэмжээнүүдийг санал болгосон байна.