logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    COP29: Хөгжиж буй орнуудад жилийн $1 их наядын дэмжлэг үзүүлэхээр тохирсон ч хаанаас, хэрхэн гаргах нь тодорхой бус үлдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 22 10:57
    978

    Зургийг: Bloomberg

    Хоёр долоо хоног үргэлжилж, өнөөдөр хөшгөө хааж буй НҮБ-ын уур амьсгалын COP29 бага хурлаар шийдэхээр зорьсон гол асуудал нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын санхүүжилтийн зорилтот дүнг тодорхойлох байлаа. 200 гаруй орны төлөөлөгчид энэ асуудлаар ширүүн мэтгэлцээн өрнүүлж, тохиролцоонд хүрч чадахгүй байсаар сүүлийн өдөртэй золгож байна.

    Жинтэй амлалт

    Энэ оны хурлыг хүлээн авч, даргалж буй Азербайжан улс уур амьсгалын санхүүжилтийн босго дүнг жилийн 1 их наяд ам.доллароор тогтоосон гэрээний эхний хувилбарыг Пүрэв гарагийн өглөө танилцуулсан. Гэхдээ энэ мөнгийг хаанаас гаргах, гаргаж чадлаа гэхэд хэдэн хувь нь буцалтгүй тусламж, эсвэл нэн хөнгөлөлттэй зээл байх талаар чухал тоонууд тодорхой бус хэвээр үлдсэн байна.

    cop29.jpg

    10 хуудас бүхий тус бичиг баримтад 1 их наядын санхүүжилтийн зорилтод хэрхэн хүрэх тал дээр хоёр сонголт тусгажээ. Эхнийх нь улс орнуудад хугацаа өгч, жил бүр санхүүжилтээ аажмаар өсгөсөөр зорилтот дүнд хүргэх сонголт бол хоёр дахь нь 2025-2035 он хүртэл жил бүр 1 их наяд ам.долларыг “яаж ийгээд” гаргах сонголт байна. “Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой санал, тодорхой тоо дутагдаж байгаа тул хэлэлцээ хийгч талуудад үлдсэн багахан хугацаанд нэлээн том ахиц гаргах шаардлага үүсэж байна” хэмээн E3G байгууллагын Роб Мур өгүүлжээ.

    Бодит байдал

    Хөгжиж буй орнуудад нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд бэлтгэлтэй байхад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд чинээлэг орнууд хүчээ нэгтгэж, 2020 он гэхэд жилийн 100 тэрбум ам.долларыг энэ чиглэлд дайчилдаг болохоор анх 2009 онд тохиролцож байлаа. Гэвч хөгжингүй орнууд энэ зорилтоо цагт нь биелүүлж чадсангүй, 2022 онд л анх удаа санхүүжилтийн дүнгээ 100 тэрбумд хүргэж байсан юм.

    2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах амлалт өгөөд буй Монгол Улсын хувьд энэ амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд ДНБ-ийхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP29-ийн индэр дээрээс мэдэгдээд байгаа.

    Хурал эхэлснээс хойш хөгжингүй орнууд санхүүжилтийн ямар ч амлалт өгсөн бай, түүний багагүй хувийг нь өөрсдийн шууд удирддаггүй эх үүсвэрээс бүрдүүлэх шаардлагатай болно гэсэн дохио өгч байв. Өөрөөр хэлбэл Дэлхийн банк тэргүүтэй олон улсын хөгжлийн банкнууд, мөн хувийн хэвшлийн эх үүсвэрийн дайчилгаа ихээхэн шаардагдана гэсэн үг.

    unnamed (3).jpg

    Bloomberg TV Mongolia өнгөрсөн долоо хоногт Баку хотноо ажиллаж, COP29 бага хурлыг сурвалжилсан. Хурлаар яригдсан онцлох асуудлууд, нэр хүндтэй зочдын ярилцлагыг багтаасан тусгай хөтөлбөрийг өнөөдөр 15 цагаас хүлээн авч үзээрэй.

    Cэтгэгдэл бичих