
Зургийг: Bloomberg/Wang Zhao/AFP/Getty Images
БНХАУ-д шинэ гэрлэлтийн тоо өнгөрсөн онд 20 хувиар буурч, бүртгэл эхэлснээс хойших доод түвшиндээ хүрчээ. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад нүүрлээд буй хүн ам зүйн хямралыг зогсоох Засгийн газрынх нь хүчин чармайлтыг хойш татсан үзүүлэлт болж байна.
2024 онд батлуулсан гэрлэлтийн тоо 6.1 сая болж буурсныг бямба гарагт БНХАУ-ын Иргэдийн захиргааны яам тайландаа мэдээлжээ. Харьцуулбал цар тахлын дараах сэргэлт үргэлжилсэн 2023 онд гэрлэлтийн тоо 7.7 саяд дөхөж байв. Өнгөрсөн оны үзүүлэлт нь тус улс 1986 оноос энэ төрлийн бүртгэл эхлүүлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болоод зогсохгүй 2013 онд хүрч байсан оргил үзүүлэлтийн талд нь ч хүрэхгүй байгаа юм.
1.4 тэрбум хүн амтай БНХАУ-д шинэ гэр бүлийг дэмжиж, урамшуулах бодлого ийнхүү ахицгүй байгаа нь төрөлт эрс буурч буй асуудлыг шийдвэрлэхэд улам сорилт болох төлөвтэй. БНХАУ-д хүүхдийн төрсний гэрчилгээ авахад ихэвчлэн гэрлэлтийн гэрчилгээ шаарддаг ч зарим бүс нутгуудад энэ шаардлагыг цуцалснаар ганц бие эцэг, эхчүүд болон гэрлээгүй хосууд гэрлэсэн хосуудтай ижил эрх эдлэх боломжтой болжээ.
"Гэрлэхэд тулгардаг саад бэрхшээлүүд дээр залуусын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь нэрмээс болж, улмаар залуусын гэр бүлтэй болох сонирхол 2024 онд улам суларсан" хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Ада Ли онцолжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар БНХАУ-д 16-24 насны иргэдийн ажилгүйдлийн түвшин 15.7 хувьтай гарсан нь өмнөх оны мөн үеийн түвшнээс бараг нэг нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Үүнээс гадна 2024 онд 2.6 сая иргэн гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн нь 2023 оныхоос 1.1 хувиар өссөн дүн аж. Мөн "Луу жилд хүүхэдтэй болох нь сайн" гэх итгэл үнэмшилтэй холбоотойгоор өнгөрсөн онд төрөлт ялимгүй нэмэгдсэн ч БНХАУ-ын хүн амын тоо 2024 онд гурав дахь жилдээ дараалан буурсан байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газар иргэд гэрлэлтээ батлуулах үйл явцыг хялбаршуулж, цуцлуулахад хүндрэлтэй болгосон хуулийн төсөл санаачилсан нь иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин аравдугаар сард үг хэлэхдээ залуу иргэдийн гэр бүлтэй болох, хүүхэд өсгөх хандлагыг төлөвшүүлэхэд дорвитой заавар зөвлөгөө өгдөг болохыг уриалж байлаа.