logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ХЭҮК: Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 25 11:34
    1784

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Улаанбаатар хотын агаарын бохирдол яаралтай шийдэх ёстой тулгамдсан асуудал болсныг төрөөс хүлээн зөвшөөрч, шат шатандаа холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд нэлээн олон жилийн нүүрийг үзэж буй ч агаарын бохирдол буурсангүй, Нийслэлчүүд дахин нэг утаатай өвөлд бэлтгэж байна.

    Сүүлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Дэлхийн банкнаас УБ-ын агаарын бохирдол, түүнээс улбаалсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зарим сэтгэл түгшээм тоо баримтуудыг олон нийтэд дэлгэв.

    Жил ирэх тусам ихсэх аюул

    Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчлөл асар хурдтай нэмэгдэж, 10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэнийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлжээ. Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаагийн 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна гэх тоог ХЭҮК энэ онд гаргасан “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д эш татсан байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орсон, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 0-18 насны хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн ноцтой тоо баримт байна.

    ugaar.jpg

    Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос улбаатай асуудал цар хүрээгээ улам тэлж, зөвхөн УБ хотын бус аймгийн төвүүдийн, мөн зөвхөн гадаах агаарын бус дотоод орчны агаарын чанарын асуудал хурцаар тавигдах болов. Түүхий нүүрсийг орлуулахаар хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нь шийдэл гэхээсээ илүү эрсдэл дагуулж, угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдлууд нэмэгдэж буйг дараах тооноос харж болно. Сүүлийн долоон жилд угаарын цочмог хордлогын 9009 тохиолдол бүртгэгдэж, тэр дундаа 2017-2023 оны хооронд 103 хүн угаартаж нас барсныг НЭМҮТ мэдээлсэн байна.

    “Одоогоос төд удалгүй, 5-10 жилийн дараа уушгины хавдар Монголд тэргүүлэх хавдрын төрлүүдийн нэг болно гэж таамаглаж байна. Бидний амьдарч буй нөхцөлөөс ч бага түвшний утаатай нөхцөлд гурван жил амьдрахад хавдар үүсэх нөхцөл гурав дахин ихэсдэг олон улсын судалгаа гарсан. Иймээс цаашдаа уушгины хавдар нэмэгдэх тул бэлтгэлтэй байх ёстой” гэж ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолж байсныг эргэн сануулах нь зүй.

    Нэгдмэл арга хэмжээ

    Засгийн газраас 2017-2025 онд хэрэгжүүлэх “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлаад байгаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зөвхөн 2017-2020 оны хугацаанд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байгааг Үндэсний аудитын газар мэдээлжээ. Гэвч хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт сул, салбар дундын оролцоог хангаж ажиллаагүйгээс төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй гэж тус байгууллага тайландаа дүгнэсэн байна.

    Хэдий агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны төлөвлөгөө батлагдсан ч яамны түвшинд нэгдсэн бодлогын зохицуулалт байхгүй байгаа нь агаарын бохирдлыг багасгах ажлын үр нөлөөг бууруулж байгааг Дэлхийн Банк энэ онд гаргасан бодлогын зөвлөмждөө онцолжээ. Тиймээс яамд, орон нутгийн засаг захиргаа зэрэг олон субъект, зохицуулалттай, олон салбарыг хамарсан арга барил хэрэгжүүлж, бүс нутаг, салбар бүрд агаар бохирдуулагчийг бууруулах зайлшгүй зорилтуудыг бий болгох шаардлагатайг зөвлөсөн байна.

    Cэтгэгдэл бичих