
Зургийг: Justin Sullivan/Getty Images North America
Аж үйлдвэрийн “мотор” нь эрчээ авсны ачаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ оныг хөл дээрээ бат зогсож эхлүүлээд байна. Хэдий тийм боловч өргөн хүрээний сайжруулалт хийхгүйгээр тэрхүү өсөлтийг тогтвортой хадгалахад бэрх болохыг шинжээчид сануулах болов.
Цар тахлын дараах сунжирсан уналтын дараа БНХАУ-ын эдийн засаг гол саадуудаа давж чадсан эсэхийг энэ мягмар гарагт гарах албан ёсны дата мэдээллүүд харуулах юм. Худалдаа, үйлдвэрлэлийн салбарын сүүлд гарсан зарим сайн үзүүлэлтүүд нь “Goldman Sachs” зэрэг банкны эдийн засагчид тус улсын 2024 оны өсөлтийн төсөөллөө ахиулахад нөлөөлөөд байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл
Үйлдвэрүүд, уурхайнууд, эрчим хүч, дэд бүтцийн салбарын гарцын нийт үнэ цэнийг хэмждэг, өөрөөр хэлбэл эдийн засгийн нүсэр үйл ажиллагааг багтаадаг гэдэг утгаараа энэ үзүүлэлтийг гол дата өнцөг болгон ашигладаггүй эдийн засагч бараг байхгүй. БНХАУ-ын энэ үзүүлэлт оны эхний хоёр сард сүүлийн хоёр жилд байгаагүйгээр эрчимтэй өссөн бөгөөд гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Үүнийг дэмжих өөр нэг үзүүлэлт нь аж үйлдвэрийн дататай нягт хамааралтай байдаг эрчим хүчний үйлдвэрлэл юм. Жил гаруйн өмнө Covid-19 уар тахлын хорио хязгаарлалт суларснаас хойш БНХАУ-ын эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой сэргэж байна. Ялангуяа нүүрсний үнэ унасан нь цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээ ч сүүлийн саруудад сайжирчээ.
Орон сууцны борлуулалт
БНХАУ-ын өрхүүд дийлэнх хөрөнгөө төвлөрүүлсэн орон сууцны зах зээл тогтворжих нь тус улсын эдийн засгийн сэргэлтэд голлох үүрэгтэй. Хэрэглэгчдийн итгэлийг сэргээж, зарцуулалтыг дэмжиж, илүү их хөрөнгө оруулалтын үүдийг нээх болохоор тэр.
Хэдий тийм боловч энэхүү амжилтад хүрнэ гэдэг нэлээн хол харагдаж байна. Оны эхний хоёр сард орон сууцны борлуулалт үнийн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс 33 хувиар унасан нь 2022 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болоод зогсохгүй гуравдугаар сард ч мөн агших төлөвтэй байгаа аж. Эрх баригчид борлуулалтыг дэмжихийн тулд орон сууц худалдан авах журмыг зөөлрүүлсэн ч үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын бууралт гуравдугаар сард мөн л үргэлжлүүлэн дордохоор байна.
Нэрлэсэн ДНБ
БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн оноос хойш дефляцын бүсэд гацаж, цалин болон үнийн өсөлт удаашраад буй. Дэлгүүрийн лангуунд очоогүй байгаа бараа, бүтээгдэхүүний үнийн төлөвийг илтгэдэг үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх сард буурсан нь дефляцын дарамт дуусах болоогүйг илтгэж байна. Хэрэглээний үнийн өсөлт ч мөн адил хасах утгатай маш ойрхон хэлбэлзэж байгаа юм.
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн яагаад чухал болохын шалтгаан нь энэ болохыг “Morgan Stanley”-ийн Ахлах эдийн засагч Робин Шин онцолж байна. Энэхүү үзүүлэлт нь үнийн өөрчлөлтөд тохируулж өөрчлөгддөггүй учраас дефляцын бодит нөлөөг харуулдаг аж.
Мөн БНХАУ-ын эдийн засаг дахь бүхий л үнийг хамгийн өргөн хүрээтэй хэмждэг дотоодын нийт бүтээгдэхүүний дефляторыг тооцоолоход нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг ашигладаг. Өнгөрсөн онд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний дефлятор гурван улирал дараалан буурсан нь 1999 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болжээ.
Зээлийн өсөлт
Хэдийгээр үйлдвэрлэлийн сэргэлт бэхэжлээ ч зээл олголт сул хэвээр байна. Банкнуудын шинэ зээл олголт гуравдугаар сард урьд байгаагүй хамгийн бага хувиар өссөн нь БНХАУ-ын компаниуд, айл өрхүүд сэргэлтэд төдийлөн итгэлгүй байгааг харуулжээ. “Зээл авалт идэвхгүй байгаа нь эдийн засгийн үйл ажиллагаа сул байна гэсэн үг. Зээлийн өсөлтгүйгээр сэргэлтийн мөчлөг тогтвортой байхгүй” хэмээн “HSBC Holdings”-ийн эдийн засагч Фредерик Нойманн өгүүлжээ.
Хөдөлмөрийн зах зээл
БНХАУ-д өөр нэг гүнзгийрсэн асуудал байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн сул үзүүлэлт юм. Ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад нэмэгдэж, хөдөлмөрийн насны олон залуус хүндрэлтэй тулгарч байна. Мөн тус улсын зарим бүсэд цалин тасалдаж, цомхотгол хийгдэж байгаа талаар мэдээллүүд гараад байгаа юм. 2023 оны эцсээр шинэ ажилтны цалин 2016 оноос хойших доод түвшинд хүрч буурсан ч I улиралд эргэн өссөн нь багахан найдлага төрүүлсэн үзүүлэлт болж буй.
Цалин өсөх нь компаниуд ажил олголт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл “халж” буйн дохио болохыг “Morgan Stanley”-ийн Робин Шин тодотгожээ. “Ингэснээр БНХАУ дефляцын тойргоос гарч чадна гэсэн үг” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.