logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Nvidia” шинэ график карт, программ хангамж, үйлчилгээнүүдээ танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 07 15:20
    915

    Зургийг: Bridget Bennett/Bloomberg

    “Blackwell” чип бүхий “RTX 50” загварын график картууд энэ сараас зах зээлд нийлүүлэгдэнэ

    АНУ-ын Лас Вегас хотноо болж буй технологийн CES арга хэмжээний үеэр “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан хүлээлт үүсгэсэн илтгэлээ тавьж, мөн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тухайлбал: шинэ чипээр тоноглогдсон бүтээгдэхүүнүүд болон программ хангамж, үйлчилгээнүүдээ танилцуулсан байна. Гол бүтээгдэхүүн нь компанийн уламжлалт хэрэглэгчдийн бааз болох видео тоглоомын зах зээлд зориулагдсан шинэ загварын график картууд байжээ.

    “GeForce RTX 50” цувралын график картууд нь “Blackwell” чиптэй байх тул тоглоомын дүрс боловсруулалтад хиймэл оюун ашиглаж, урьд урьдаас илүү бодит мэдрэмж бүрдүүлэхийг онцлов. 

    Хамгийн хүчирхэг “RTX 5090” загвар нь энэ сарын эцсээр 1999 ам.доллароор худалдаанд гарах аж. Харин ирэх хоёрдугаар сард гарах “RTX 5070” загвар нь хүчин чадлын хувьд өмнөх “RTX 4090” картаас илүү бөгөөд 549 ам.долларын үнэтэй байхыг мэдээллээ.

    2022 он хүртэл видео тоглоомын зах зээл “Nvidia”-ийн орлогын гол эх үүсвэр байсан бол одоо дата төвийн бизнес компанийн борлуулалтад үнэмлэхүй их хувийг эзлэх болж, энэ онд 100 тэрбум ам.долларыг орлого оруулах төсөөлөлтэй байна.

    Түүнчлэн “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан “Project Digits” хэмээх авсаархан хэмжээтэй суурин компьютер танилцууллаа. Үндсэн процессор, график чип хослуулсан “Grace Blackwell” супер чип бүхий тус компьютер нь том хэмжээтэй хиймэл оюуны модель боловсруулах ажлыг хөнгөвчлөх зориулалттай юм байна.

    Үүнээс гадна Женсен Хуан хиймэл оюун эдийн засагт хэрхэн өргөжиж, хүрээгээ тэлэх талаар алсын хараагаа хуваалцав.

    Ирээдүйд нэг тэрбум хүн дүрст робот, 10 сая автомат үйлдвэр, жолоочгүй 1.5 тэрбум тээврийн хэрэгсэл ашиглагдана. Энэхүү технологийн ирээдүйд “Nvidia”-ийн бүтээгдэхүүнүүд голлох үүргийг гүйцэтгэх алсын хараатайгаа тэрбээр илэрхийллээ.

    Үүнтэй холбоотойгоор автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Toyota Motor” компани “Nvidia”-ийн автомат жолоодлогын хиймэл оюунт бүтээгдэхүүний үйлчлүүлэгч болж байгааг Женсен Хуан зарлав. Тус компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг нь роботуудыг илүү ухаалаг болгож, бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл бүтээхэд ашиглагдах “Nvidia Cosmos” технологи байлаа.

    NVIDIA.png

    Женсен Хуаны илтгэлээс ч өмнө “Nvidia”-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшиндээ хүрч, мөн Азийн чип үйлдвэрлэлийн нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш дагаад өсөж байсан юм. Тухайлбал: тус компанид чипийн эд анги нийлүүлдэг “Tokyo Electron”, “Advantest”, “Disco”, “Lasertec” компаниудын хувьцааны ханш бүгд зургаагаас дээш хувиар өслөө. Мөн гэрээт үйлдвэрлэлийн түнш “Hon Hai Precision Industry”-ийн хувьцааны ханш Тайваньд 4.1 хувиар, “TSMC” буюу “Taiwan Semiconductor Manufacturing Company Limited”-ийнх 3.1 хүртэл хувиар өсөөд байна.

    Харин тус компанийн шинэ үйлчлүүлэгч болсон “Toyota Motor”-ийн хувьцааны ханш  Женсен Хуаны илтгэлийн дараа 3.9 хувиар өслөө.

    Cэтгэгдэл бичих