
Зургийг: Bloomberg
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдлээ. Мөн АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулдаг улсуудад ижил арга хэмжээ авч, тарифын арга хэмжээ “бүгдэд нөлөөлнө” хэмээв.
Гангийн импортод ногдуулах шинэ тариф нь АНУ-д үйлдвэрлэдэггүй тусгай зэрэглэлийн ган импортолж ашигладаг агаарын хөлөг ба автомашин үйлдвэрлэл, мөн салхин турбин, газрын тосны олборлолтын тоног төхөөрөмжийн бизнесүүдэд нөлөөлж болзошгүй аж. Энэ нь Дональд Трампын АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах, олон улсын худалдааг орлогын эх үүсвэр болгон ашиглахад чиглэсэн хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээнд тооцогдож байна.
Мексик, Канад улс нь АНУ-ын металлын томоохон нийлүүлэгчид бөгөөд шинээр тогтоох тариф эдгээр улсад үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
“Trade Expansion Act” буюу худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч дотоодын аюулгүй байдлын үүднээс худалдааны хязгаарлалт тавих эрхтэй байдаг аж. Дональд Трамп 2018 онд буюу анхны бүрэн эрхийнхээ хугацаанд ган, хөнгөн цагааны импортод тариф ногдуулахдаа ч энэ хуулийг мөрдлөг болгож байжээ.
БНХАУ-аар дамжиж Монголд нөлөөлөх үү?
10 хувийн тариф аль хэдийн хэрэгжиж эхлээд байгаа БНХАУ-д ган, хөнгөн цагааны тариф давхар үйлчлэх эсэх талаар Дональд Трамп тодорхой мэдээлээгүй. 2024 онд БНХАУ 5.2 тэрбум ам.долларын ган, гангийн бүтээгдэхүүн АНУ-д нийлүүлж, Канад, Мексик, Бразилын хамт тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Хэдий тийм боловч АНУ-ын гангийн нийт хэрэглээнд импортын ган тийм ч их хувь эзэлдэггүй тул тарифын нөлөө хязгаарлагдмал байх төлөвтэй.
Дотоодын сул эрэлт, үл хөдлөх хөрөнгийн захын уналтаас болж хямралд ороод байгаа БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд алдагдлаа бууруулахын өнгөрсөн онд экспортоо эрс нэмэгдүүлж байлаа. Мөн гарцаа танаж, түүхий эд худалдан авалтаа багасгаж буй нь гангийн гол орц коксжих нүүрсний үнийн уналт сунжрахад нөлөөлсөөр байна.