logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 06 09:21
    1353
    БНХАУ эдийн засгийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, өсөлтийг хойш татаж буй салбаруудаа сэргээх томоохон шийдвэрүүд гаргаж эхэллээ.

    Төсвийн дэмжлэг, тарифын дарамт

    Лхагва гарагт Бээжин хотод эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 2025 оны чуулганаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин худалдааны дайныг үл харгалзан өсөлтийн амбицтай зорилтдоо хүрэхээр шийдэмгий ажиллах дохио өглөө. Чуулганы үеэр тус улсын Засгийн газар 2025 оны ДНБ-ий өсөлтийг 5 хувьд хүргэхээ зарласнаар гурав дахь жилдээ дараалан өсөлтийн ижил зорилт тогтоож байна.

    Үүнээс нэг хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас импортлох бүх бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 20 хувь болгон өсгөхөөр шийдвэрлэсний сацуу цаашид ч үе шаттай нэмэгдүүлэх орон зай бийг тодотгосон. Тиймээс өсөлтийн гол тулгуур экспортын салбараас учрах хохирлыг багасгахын тулд Бээжингээс эдийн засгаа дэмжих дорвитой арга хэмжээнүүд танилцуулах шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Хэрэв Д.Трампын амлаж байсан 60 хувийн тариф үнэхээр хэрэгжвэл БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлт 2 нэгж хувиар агшина гэж "Macquarie Group" тооцоолжээ.

    Өндөр зорилтын төлөөсөнд Хятадын нэгдсэн төсвийн алдагдал түүхэн дээд түвшиндээ хүрэхээр байна. Засгийн газар энэ оны төсвийн алдагдлыг 5.66 их наяд юань буюу ДНБ-ий 4 хувьтай тэнцэхүйц байхаар баталсныг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян чуулганы үеэр танилцууллаа. Зарцуулалт талдаа батлан хамгаалахын салбарын төсвийг 7.2 хувиар өсгөж, 1.78 их наяд юаньд хүргэсэн байна. Мөн энэ онд 1.3 их наяд юанийн дүнтэй Засгийн газрын урт хугацааны бонд гаргахаар төлөвлөжээ. Иргэдийн хэрэглээг дэмжих хүрээнд автомашин, гэр ахуйн барааны худалдан авалтад олгох татаасыг өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, 300 тэрбум юаньд хүргэхээр мөн шийдвэрлэжээ.

    unnamed (56).jpg

    Гангийн гарцыг танана

    Чуулганы үеэр БНХАУ-ын ЗГ эдийн засгийнхаа хамгийн тааруу гүйцэтгэлтэй байгаа салбарууд болох ган үйлдвэрлэл, газрын тос боловсруулалтын салбар дахь илүүдэл үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх амлалт өглөө. Тодруулбал гангийн үйлдвэрлэлийн гарцыг бууруулж, салбарт бүтцийн өөрчлөлтийг дэмжих замаар үйлдвэрүүдийн ашигт ажиллагааг сэргээхээ тус улсын эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг танилцуулжээ. Ингэхдээ гарцыг хэр хэмжээгээр танахаа тодорхой болгоогүй ч жил бүр ихдээ 50 сая тонныг танах боломжтой гэсэн зах зээлийн тооцоолол байгаа юм.

    Хэдий тус салбар Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас хамгийн том хохирол амссан боловч жилийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь тогтмол 1 тэрбум тонн давсаар байгаа. Дотоодын эрэлт суларсны улмаас үйлдвэрүүд гадаад зах зээлд найдах болсноор Хятадын гангийн экспорт өнгөрсөн онд 9 жилийн дээд цэгтээ хүрчээ. Улмаар бусад орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах үүднээс Хятадын хямд металлын импортод хориг тавьж эхэлсэн юм.

    “Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо төлөвлөгөөний төсөлдөө анх удаа гангийн үйлдвэрлэлийн таналтыг оруулсан нь энэ болж байна” хэмээн Citigroup-ийн шинжээчид дурдаад, энэ нь тус улсад гангийн нийлүүлэлт талын реформ дахин айсуйг илтгэж буйг тодотгожээ. Үйлдвэрлэлээ багасгаснаар БНХАУ мөн уур амьсгалын зорилтууддаа хүрэхэд дөхөм болох юм.

    Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тооцоолсноор Хятад улс уур амьсгалын одоогийн зорилтоо биелүүлэхийн тулд коксжих нүүрс ашигладаг ган хайлуулах үйлдвэрүүдийн хүчин чадлаа 150 сая тонноор буюу 15 хувиар бууруулах шаардлагатай аж. 

    Cэтгэгдэл бичих