logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Минут тутамд $2 сая" - АНУ-ын Засгийн газрын бондуудаас хүртэх ашиг урьд байгаагүйгээр өсөөд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 09 10:45
    618

    Зургийг: Mark Wilson/Getty Images

    20 гаруй жилийн турш хэт зөөлөн мөнгөний бодлогод “барьцаалагдаад” байсан АНУ-ын Засгийн газрын бондууд одоо л эдийн засагт уламжлалт үүргээ гүйцэтгэж эхлээд байна

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй байгаа энэ үед “Wall Street-д томоохон өөрчлөлт гарч, хөрөнгө оруулагчид тогтмол орлогын хэрэгслүүд рүү дахин хошуурах болжээ.

    Орлого эргэн иржээ

    Бараг бүтэн үе солигдох хугацааны дараа анх удаа тогтмол орлогын хэрэгслүүд нэр шигээ “тогтмол”, бас “орлоготой” байж чадаж байна. Энэ нь зарим талаараа ердөө л АНУ-ын бодлогын хүү хоёр жилийн дотор 0 хувиас таван хувь давж өссөний үр дагавар юм.

    Хэдий тийм боловч Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ бууруулах уу, тийм бол яг хэзээ вэ гэдэгт “Wall Street тэр чигтээ анхаарал хандуулж буй энэ үед нэг чухал баримт анзаарагдахгүй өнгөрөх магадлалтай байна. Бараг 20 жилийн турш хэт зөөлөн мөнгөний бодлогод “барьцаалагдаад” байсан АНУ-ын Засгийн газрын бондууд одоо л эдийн засагт уламжлалт үүргээ гүйцэтгэж эхэллээ.

    Тоонууд ихийг өгүүлнэ. Өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондын жилийн хүүгээс 900 тэрбум ам.долларыг халаасалсан нь өмнөх 10 жилийн дунджаас даруй хоёр дахин илүү дүн болжээ. Өдгөө Засгийн газрын бүх бондууд дөрвөн хувь ба түүнээс дээш өгөөжтэй байгаа үед дээрх дүн өсөх нь тодорхой юм. 2020 оны дунд үед ямар ч бонд ийм түвшний өгөөжгүй байлаа.

    Хүү өндөр байгаа тул хөрөнгө оруулагчид өгөөжийн аливаа огцом өсөлтөөс илүү сайн хамгаалагдсан гэж болно. Онолын хувьд өгөөжийн түвшин ирэх онд 0.75-аас дээш нэгж хувиар өсөж байж л хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондоос алдагдал хүлээж эхлэхээр байна.

    Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд Засгийн газрын бондуудын аюулгүйн маржин ерөнхийдөө байхгүй болчхоод байсныг дурдах хэрэгтэй.

    “Холбооны Нөөцийн банк дахь найзуудын маань тусламжтайгаар тогтмол орлогын хэрэгслүүдийн орлого нь эргэн иржээ. Харин тогтмол орлогын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжийн үр шимийг хүртэж байна. Сайхан л зүйл” хэмээн “Guggenheim Partners”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Анн Уолш онцолж байв.

    Money, Money, Money

    Хоёрдугаар сард АНУ-ын Конгрессын Төсвийн хорооноос энэ онд хувь хүмүүст олгогдох хүүгийн төлбөр, ногдол ашгийн нийт дүн 327 тэрбум ам.долларт (2010 оны дунд үеэс хоёр дахин их) хүрч өсөөд зогсохгүй ирэх 10 жилийн хугацаанд жил бүр өссөөр байна гэсэн төсөөлөл гаргажээ. Зөвхөн гуравдугаар сард тус улсын Сангийн яам Засгийн газрын бонд эзэмшигчдэд 89 тэрбум ам.долларын хүүгийн төлбөр олгосон байна. Өөрөөр хэлбэл ойролцоогоор нэг минутад хоёр сая ам.доллар төлжээ.

    Мэдээж алдагдал хүлээлгэх ёсгүй, хувьцааг бодвол хэлбэлзэл бага, ямагт инфляцаас давсан тогтмол түвшний өгөөж хүртээдэгт АНУ-ын Засгийн газрын бондыг эзэмшихийн утга учир оршдог. Инфляцын гаарсан өсөлтөөс үүдэлтэй ханшийн огцом уналт, түүнтэй тэмцэхээр эрчимтэй өсгөсөн бодлогын хүүгийн нөлөөллөөр Засгийн газрын бонд “аваад барих” хэрэгсэл болж, эрэлт нь дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг нэмж хачирлах шаардлагагүй.

    Монголын хөрөнгө оруулагчдад ямар боломж байна вэ?

    Дотоод зах зээлд ам.долларын бүтээгдэхүүн байгаа хэдий ч хөрвөх чадваргүй буюу хөрөнгө оруулсан бол тухайн бондын хугацаа дуусахыг хүлээхээс өөр аргагүй байдаг сул талтай. Энэ асуудлыг шийдэхээс гадна ам.долларын хадгаламжаас харьцангуй өндөр өгөөжтэй байх бүтээгдэхүүн нь АНУ-ын Засгийн газрын бондууд юм. Өнгөрсөн онд Монгол Улсын хөрөнгө оруулагчдад Засгийн газрын 3, 6, 12 сарын хугацаатай бондуудыг авах боломжийг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” анх удаа олгоод байгаа юм.

     

    "Манай компани анх дотоод зах зээлд АНУ-ын Засгийн газрын бондыг харилцагч, хөрөнгө оруулагч нартаа санал болгосноос хойш есөн сар өнгөрч, харилцагчид маань долларын өгөөжийг хүртээд явж байна. Энэ бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь хөрөнгө оруулах хэмжээ заавал их байх албагүй буюу 1000 ам.доллароор ч худалдан авалт хийх боломжтой байдаг. Мөн хугацааны хувьд нэг сар ч байж болно.

    2023 оны эцсээр энэ онд АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ багадаа гурван удаа бууруулна гэсэн таамаглал байсан бол одоогоор энэ онд хүүгээ бууруулах магадлал буураад байна. Энэ байдал тус бондын өгөөжийг өндөр хэвээр байх нөхцөлийг бүрдүүллээ. Дотоод зах зээлд ам.долларын хадгаламжийн хүү гурван хувь байгаа энэ нөхцөлд манай компаниас санал болгож буй АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж харьцангуй өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд тооцогдоно"

     

    Cэтгэгдэл бичих