logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 13 15:06
    1063

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Ингэснээр Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байна.

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэснээ зарлалаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэхээр байгааг онцлов.

    Ингэснээр Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байна. Энэ удаагийн бууруулах шийдвэрээ санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор гаргаснаа Монголбанк тайлбарлалаа. Мөн худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтот түвшинд тогтворжино гэж үзжээ. Гэхдээ өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учруулах эрсдэлтэйг анхааруулав.

    ҮСХ-ны мэдээлснээр VIII сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 6.5 хувьтай гарч, өмнөх сараасаа 1 нэгж хувиар эрчимжсэн.

    Энэ оны төсвийн тодотголоор төсвийн зардал 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэнээс гадна ирэх онд мөн түүхэн өндөр дүнтэй төсөв батлахаар ЗГ төсвийн төсөлдөө тусгаад байгаа. Төсвийн өндөр зардлыг эдийн засагт сөрөг нөлөөгүй байлгахад тохируулж мөнгөний бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болж магадгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны дарга Б.Баярдаваа өмнө нь онцолж байв. 

    Төсвийн зарцуулалтаас гадна импорт мөн өндөр өсөлттэй, сүүлийн байдлаар 28 хувиар өссөн байгаа тул мөнгөний бодлогыг хурдтай зөөлрүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрээ танилцуулах үедээ дурдсан.

    Түүнчлэн Төв банк нүүрсний экспортын биет хэмжээний нэмэгдэл, төсвийн зардлын тэлэлтийн нөлөөг харгалзаж Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болгож ахиулснаа мэдэгдэв. Өнгөрсөн IV сард Монголбанк зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад нөлөөлнө гэж тооцоолж, ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож байсан юм.

    Cэтгэгдэл бичих