
Зургийг: riotinto.com
“Rio Tinto” компани ёс зүйн асуудлаас болж Норвегийн Баялгийн сангийн хөрөнгө оруулалтыг алдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус сангийн Ёс зүйн зөвлөх хорооноос Бразил дахь “Rio Tinto” компанийн хамаарал бүхий уурхайн байгаль орчны нөлөөллийн талаарх асуудлыг сөхөөд байгаа юм. Ингэснээр 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй Баялгийн сан цаашид “Rio Tinto”-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг хэвээр байх эсэх тухай асуулт дахин гарч ирж байна.
“Rio Tinto” компани Бразилд хөнгөн цагааны хүдэр олборлодог “Mineracao Rio Do Norte” буюу “MRN” компанийн 22 хувийг эзэмшдэг аж. Норвегийн Баялгийн сангийн Ёс зүйн хороо тус компанийн энэхүү уурхай бүс нутгийн ой мод устахад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Мөн Норвегийн Баялгийн санд “Rio Tinto”-д эзэмшдэг хувьцаагаа шилжүүлэх зөвлөмжийг өгөх эсэх талд үнэлгээ хийж байгаа ч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүйг “Wall Street Journal” мэдээлсэн байна.
Түүнчлэн Ёс зүйн хороо сүүлийн саруудад энэ асуудлаар “Rio Tinto”-той идэвхтэй хэлэлцээ өрнүүлж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Ёс зүйн хорооны дэвшүүлсэн асуудал нь “Rio Tinto”-ийн төслүүдийг тойрсон маргаантай асуудлуудын сүүлийн жишээ нь болж байна.
Индонез дэх “Rio Tinto”-ийн Грасберг уурхайн байгаль орчинд учруулсан хохирлоос болж Норвегийн Баялгийн сан 10 гаруй жилийн турш тус компанийн хувьцааг худалдан авахаас татгалзсаны эцэст 2019 оноос л хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж байжээ.
Нөхцөл байдал хамгийн муугаар эргэж, Норвегийн Баялгийн сан хөрөнгө оруулалтаа дахин зогсоолоо гэхэд “Rio Tinto”-д энэ нь томоохон цохилт болох юм. Тайлан мэдээллээс харвал дээрх сан нь “Rio Tinto”-ийн тав дахь том хөрөнгө оруулагч бөгөөд сүүлийн байдлаар тус компанийн 2.6 хувийг эзэмшиж байна. Энэ нь ойролцоогоор 2.7 тэрбум ам.доллартой дүйцэх дүн юм.
Энэхүү мэдээллийн дараа Лондоны биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 0.8 хувиар унаад байна.