
Зургийг: Sean Pavone/Shutterstock.com
Зөвхөн олон ангит киногоор зогсохгүй K-Pop, хувцас, хоол, хэл соёлыг багтаасан БНСУ-ын соёлын давлагаа залуу үеийнхнийг байлдан дагуулж буй сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын нас улам залуужиж байна. БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр тус улсыг зорих залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тухайлбал: өнгөрсөн онд БНСУ-ыг зочилсон жуулчдын гуравны нэг нь 30-аас доош насныхан байсан аж.
2023 онд БНСУ-ын хилээр гадаадын 11.03 сая иргэн нэвтэрсний 3.93 сая буюу 35.6 хувь нь 30 ба түүнээс доош насныхан байсан байна. Үүнийг 10 жилийн өмнөх буюу 2013 оны үетэй харьцуулахад 27.6 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Харин 21-30 насны 2.79 сая жуулчин тус улсад аялсан бол 1.14 сая нь 20 ба түүнээс доош насныхан байжээ. 2013 оноос хойш БНСУ-ыг зорин очиж буй гадаад иргэдийн насны ангилал тогтмол нэмэгдэж, COVID-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд бага зэрэг буурсан байна.
Түүнчлэн БНСУ-д аялах япончуудын насны үзүүлэлт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц залуужсан бөгөөд 2023 онд тус улсын хилээр нэвтэрсэн япон жуулчдын 42.3 хувь нь 30-аас доош насныхан байсан аж. Үүнийг 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад 15.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Үүнтэй төстэй хандлага хятадуудын дунд ч ажиглагдаж, БНСУ-д аялахаар очсон хятад жуулчдын 38.3 хувь нь 30-аас доош насныхан байжээ. Филиппинчүүдийн хувьд ч дээрх үзүүлэлт 10 хувиар нэмэгдэж, 20.6 хувь нь 30-аас доош насны залуучууд байсан аж.
Зүүн өмнөд Азиас эхлэлээ тавьсан “Hallyu wave” буюу БНСУ-ын соёлын давлагаа дэлхий нийтэд хурдтай түгэн дэлгэрч, нөлөө нь бусад орнуудад ч нэмэгдэж байна. Тухайлбал: Францыг зорих 30-аас доош насны жуулчдын тоо 15 хувиар нэмэгдэж, 2023 онд 43.6 хувьд хүрсэн бол АНУ-ын хилээр нэвтэрсэн залуучуудын тоо 25.8 хувиас 28.5 хувь болж өсжээ.