
Зургийг: Noel Celis/AFP/Getty Images
БНХАУ-ын эдийн засгийн дуусашгүй хүндрэл өдгөө өсөлтийн мөчлөгтөө яваа дэлхийн бусад зах зээлүүдэд цохилт өгөх эрсдэл учруулж буйг “Bloomberg Markets Live Pulse”-ийн сүүлийн судалгаа харууллаа.
АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, хиймэл оюуныг тойрсон халуурал нь дэлхийн хувьцаануудын ханш дээд түвшинд дөхөхөд нөлөөлж, мөн Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй орнуудын тэлэлт нь дээрх өсөлтийн эрчийг алдуулахгүй хадгалж байгаа юм. Гэтэл дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, гүнзгийрсэн дефляц, геополитикийн зөрчил гээд санаа зовоох асуудлууд бишгүй байна.
Дефляцын экспорт
“MLIV Pulse”-ийн судалгаанд оролцсон 238 эдийн засагчийн дөрөвний гурав нь энэ онд тус улсын асуудлууд бусад томоохон эдийн засгууд руу халина гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлүүд, мөн бодлогын хариу арга хэмжээ хомс байдал нь дэлхийн хөрөнгө оруулалт, хэрэглээний циклд сөргөөр нөлөөлөхөөс хөрөнгө оруулагчид хамгийн их болгоомжилж буй.
БНХАУ-ын эдийн засгийн хэмжээ, бусад эдийн засгуудад үзүүлэх нөлөөлөл нь энэ бүгдийг ойшоолгүй өнгөрөхөд хэцүү болгож байна. Тус улс дефляцаа бусад орнууд руу экспортолж магадгүйг “Pictet Wealth Management”-ийн Ахлах стратегич Дон Чэнь анхааруулжээ. Тэр дундаа БНХАУ-ын компаниуд үнээ огцом буулгаж байгаа нарны хавтан, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг салбаруудыг тэрбээр онцлон авч үзсэн бөгөөд дэлхий даяарх үйлдвэрлэлд нөлөөлөх боломжтойг дурдсан байна.
Эрсдэл эсрэгээрээ ч байж магадгүй
“БНХАУ-ын сул үзүүлэлттэй байгаа секторууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог бүс нутгийн бүхий л компанид сөрөг нөлөөлөл ирнэ” хэмээн “Abrdn” фирмийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Нг Шинь-Яао онцолж байна. “ANZ Group”-ийн мэдээлснээр БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн гарцын 37 хувь нь өдгөө уналттай байгаа орон сууцны салбарт, 60 гаруй хувь нь барилга угсралт, бүтээн байгуулалтад зориулагддаг аж.
Иймд гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс экспортолдог Монгол Улс урд хөршийнхөө сэргэлтийг нүд салгалгүй ажиглах шаардлага гарч ирж байна.
Харин хөрөнгийн захад тус улсын жишиг “CSI 300” индекс гурван жил үргэлжилсэн уналтын дараа эргэн сэргэж байгаа юм. Хэдий сүүлийн сар гаруйн хугацаанд ногоон бүсэд арилжаалагдаж буй ч тус улсын хувьцаанууд ёроолдоо хүрсэн эсэх нь маргаантай сэдэв байсаар байна. “MLIV Pulse”-ийн судалгаанаас харвал ирэх 12 сарын хугацаанд өөрийн багц дахь БНХАУ- хувьцаануудыг нэмэгдүүлэх болон бууруулах төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагчдын тоо бараг тэнцүү байжээ.
Ши Жиньпиний Засгийн газар БНХАУ-ын өрөнд суурилсан өсөлтийн циклийг зогсоож, эдийн засгаа тогтвортой байдлаар тэлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар таван хувийн өсөлтийн зорилт тавьж, урт хугацаатай Засгийн газрын бонд гаргах зэрэг арга хэмжээнүүд зарласан нь олон улсын хөрөнгө оруулагчдыг санааг амрааж чадаагүй байна. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь дээрх хурлын үр дүн сарын дараа гэхэд ач холбогдолгүй болно гэдэгт санал нэгджээ.
Иймд бодлогын дорвитой хурдасгуур арга хэмжээгүйгээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн зам тийм ч дардан биш байх нь.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com