
Зургийг: Timo Lenzen/Bloomberg Businessweek
БНХАУ дахь жилийн борлуулалтаа 15 дахин өсгөж, ердөө гурван жилийн дотор гурван сая автомашин борлуулаад буй “BYD” өдгөө дэлхийн 95 орны зах зээлд автомашинаа экспортолж байна. Энэ онд л гэхэд шинээр 20 улсад албан ёсоор борлуулалтын сувгаа нээжээ. Мөн тус компани БНХАУ-аас гадна гурван тивийн 10 улсад үйлдвэрээ нээж, эсвэл барихаар төлөвлөснөө зарлаад байгаа аж.
Энэхүү тэлэлтийн хурд болоод цар хүрээ дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарыг цочроож, АНУ болон Европын Холбооноос худалдааны протекционист тариф танилцуулахад хүргэв. Өнгөрсөн зун АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-аас импортолсон цахилгаан автомашинд 100 хувийн гаалийн татвар ногдуулсан бол аравдугаар сард Европын Холбоо “BYD”-ийн цахилгаан автомашинд оноосон тарифаа 17 хувь болгосон юм. “BYD” зэрэг БНХАУ-ын тоглогчид Илон Маскийн хэлсэнчлэн дотоодын автомашин үйлдвэрлэгчдийг нь “үгүй хийнэ” гэж барууны бодлого тодорхойлогчид эмээж байна.
Цэнэг хураагуур болон үйлдвэрлэлийн инновац нь БНХАУ-ын Засгийн газрын цахилгаан автомашинд ээлтэй бодлоготой хосолсноор “BYD” компани “Tesla”, “Ford” зэрэг автомашины салбарын томчуудын чадаагүйг чадахад хөтөлжээ. Тэр нь масст чиглэсэн боломжийн үнэтэй цахилгаан автомашин үйлдвэрлэж, түүнээсээ мөнгө олох явдал юм.
2020 онд цэнэг хураагуурын шинэ технологио танилцуулснаас хойш “BYD” үйлдвэрлэгчид “чихэлдсэн” БНХАУ-ын авто зах зээлийн жирийн нэг тоглогчоос дэлхийн “Топ 10” авто үйлдвэрлэгчийн нэг болон цойлов. Тэд БНХАУ-ын зах зээлд 10 гаруй жил ноёрхсон “Volkswagen”-ийн байр суурийг булаагаад зогсохгүй 2023 оны эцсээр “Tesla”-ийг хэсэг хугацаанд гүйцэж, бүрэн цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлж байлаа.
“Их гурвал”-ын уналт
Үүнээс гадна ХБНГУ-ын авто салбарын тэргүүлэгч гурван компани "Volkswagen", "Mercedes-Benz" ба "BMW" БНХАУ-ын хэрэглэгчдийн сонирхлыг эргүүлэн татах цахилгаан загварууд үйлдвэрлэхэд нийт 38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөж буй мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногт дээрх гурван компанийн БНХАУ дахь борлуулалт III улиралд буурсан тайлан гарсан нь анхааруулгын дохио боллоо. Тодруулбал: "BMW"-ийн борлуулалт 30 хувиар буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр дүнгээр буурсан бол "Mercedes-Benz"-ийн борлуулалт 13 хувиар буурчээ. Харин "Porsche", "Audi" брэндүүдийг эзэмшдэг "Volkswagen"-ийн борлуулалт 15 хувиар буурсан байна.
“Шатахуун уугчид”-ын эрин үед ноёрхож байсан Германы үйлдвэрлэгчид шинээр гарч ирсэн өрсөлдөгчдийн учруулах эрсдэлийг дутуу үнэлж, уламжлалт хөдөлгүүртэй автомашинаас олох ашгаа алдахыг хүсээгүй нь үүнд нөлөөлжээ. Энэхүү орон зайг “Tesla”, мөн БНХАУ-ын “BYD” зэрэг үйлдвэрлэгчид ашиглаж, технологи сайтай, боломжийн үнэтэй цахилгаан загваруудаараа Германы компаниудыг зах зээлээс шахсан гэхэд болохоор байна.
Одоогоор Германы үйлдвэрлэгчид БНХАУ-ын нийт авто зах зээлийн 15 хувийг эзэлж буй ч цар тахлын өмнө 25 хувийг эзэлж байсныг санах хэрэгтэй. Ялангуяа цахилгаан автомашины зах зээлд нь 10 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Тиймээс стратегийн шуурхай өөрчлөлт хийхгүй бол Германы "Их гурвал"-ын энэхүү уналт нь оршин тогтнохын төлөөх тэмцэл болж хувирах эрсдэлтэй гэж "AlixPartners"-ийн зөвлөх Стефен Дайер үзжээ.
Ганц жишээ дурдахад "Volkswagen", "Mercedes-Benz", "BMW"-ийн тус бүрийн зах зээлийн үнэлгээ "BYD"-ийн үнэлгээний тал хувьтай л тэнцэж байна.