
Зургийг: Luca Riva
Бэл бэнчинтэй худалдан авагчдад зориулж спорт автомашин үйлдвэрлэдгээрээ танигдсан “Automobili Pininfarina” компани өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэтэйд тооцогдох SUV автомашин бүтээхээр ажиллаж байна.
"Automobili Pininfarina” дөрвөн суудалтай, хоёр суудалтай, шилэн дээвэртэй “PURA Vision” загвараа ирэх нэг жилийн дотор танилцуулахаар төлөвлөж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Паоло Деллача мэдээлжээ. Үнийн хувьд 400 мянган еврогоос нэг сая еврогийн хооронд байхаар байгаа нь 380 мянган еврогоор худалдаалагддаг “Ferrari Purosangue”-аас ч үнэтэй гэсэн үг юм.
Энэтхэгийн “Mahindra & Mahindra” группийн эзэмшдэг “Automobili Pininfarina” компани таван жилийн өмнө анхны загвар болох цахилгаан хөдөлгүүрт “Battista”-аа ердөө 150 ширхгийг худалдаанд гаргаж байв. 1900 морины хүчтэй, 400 км/цагийн дээд хурдтай тус автомашин нь Италид үйлдвэрлэгдсэн бүх цаг үеийн хамгийн хурдан спорт автомашин хэвээр байгаа юм.
Түүнээс хойш тус компани “Battista”-ийн хэд хэдэн тусгай хувилбарыг гаргасан бөгөөд тэдгээр дунд 3.4 сая еврогийн үнэтэй, супер баатар “Batman”-д зориулагдсан загвартай хувилбар ч байгаа ажээ.