
Зургийг: Bloomberg
Удирдлагын халаа сэлгээ, худалдах, худалдан авах хэлцэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөгөө гээд өөрчлөлт авчрах боломжтой хүчин зүйлсийг тэд шинжилгээндээ хамтатган дүгнэжээ.
Мөн жагсаалтыг эмхэтгэхдээ АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, одоо үргэлжилж буй геополитикийн зөрчил зэрэг гадаад орчны нөлөөлөл, цаашлаад хиймэл оюун, цахилгаан автомашин зэрэг технологийн хурдацтай ахиц дэвшлээс гарах боломжит өөрчлөлтүүдэд анхаарсан байна.
ASTRAZENECA
Зах зээлийн үнэлгээ: $210 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +8%
2025 онд хорт хавдар, амьсгалын замын өвчлөлийг анагаах эмнэл зүйн олон шинэ туршилтын үр дүн танилцуулагдах хүлээлттэй байна. Энэ нь эм үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч “AstraZeneca” компанийн өсөлтийн потенциалд хөрөнгө оруулагчдын анхаарлыг чиглүүлэх төлөвтэй. Тус компанийн БНХАУ хариуцсан захирал асан нь эрүүл мэндийн даатгалын луйврын хэргээр шалгагдаж эхэлсэн, мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тааруу байгаа нь компани 2025-2026 оны төсөөллөө харьцангуй “даржин” гаргахад нөлөөлж болзошгүй. Гэсэн ч тус компанийн олон улсын зах зээлд эзлэх хувь, шинээр гаргах бүтээгдэхүүн зэргээс харахад ирэх онд борлуулалт нь 15-19 хувиар өсөх боломжтой харагдаж байна.
ESTÉE LAUDER
Зах зээлийн үнэлгээ: $26 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +5%
Арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компанийн ашигт ажиллагаагаа сэргээх төлөвлөгөө дуншсаар байна. Хэрэв тус компанийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Стефан де ла Фавери нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн аваад шийдэмгий арга хэмжээ авч эхэлбэл компанийн бүтцийн өөрчлөлтийн зардал нь өнгөрсөн хоёрдугаар сард тооцоолж байсан 500-700 сая ам.доллароос ч давж магадгүй. “Mac”, “Too Faced” зэрэг охин компаниудынх нь өрсөлдөх чадвар хангалттай бус хэвээр, мөн “Estée Lauder”, “La Mer” брэндүүд нь Ази дахь татваргүй барааны дэлгүүрүүдээс хэт хамааралтай тул 2025 оны борлуулалт нь нэлээн барцадтай байх төлөвтэй.
HSBC
Зах зээлийн үнэлгээ: $167 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: -2%
Хэрэв “HSBC”-ийн шинэ Гүйцэтгэх захирлын төлөвлөгөөний дагуу банкны үйл ажиллагааг оновчлох ажил амжилттай хэрэгжвэл тус компанийн татварын өмнөх ашиг 2025 оноос эхлэн өсөж, 2026 он гэхэд өмнөх төсөөллөө ойролцоогоор 2.4 тэрбум ам.доллароор давах боломжтой. Хэдийгээр зах зээлд оролцогчид БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай холбоотой үүсэж болох эрсдэлд анхаарлаа хандуулж байгаа ч тус банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн алдагдлаас урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлсэн, үйл ажиллагааны зардлаа дорвитой бууруулах орон зай ч бий.
IMAX
Зах зээлийн үнэлгээ: $1.3 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +10%
Энтертайнмент салбарын технологи үйлдвэрлэгч тус компани нь кино театруудад үлэмж хэмжээтэй дэлгэц нийлүүлдгээрээ танигдсан. Иргэдийн хэрэглээний зардал суларч, уламжлалт “Box Office”-ийн киноны эрэлт буурснаар компанийн хувьд зах зээлийн төлөв тодорхойгүй болох шинжтэй. Одоогийн төсөөллөөр “Imax”-ийн ашиг 2026 он хүртэл жилд дунджаар 16 хувиар өсөхөөр байна. Хөгжингүй, хөгжиж буй зах зээлүүдэд компанийн эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй нь үүнд түлхэц болно. “AMC”, “Wanda” зэрэг кино театрын томоохон компаниуд “Imax”-ийн системийг суурилуулсан хэвээр, мөн Жэймс Кэмерон тэргүүтэй найруулагчид компанийн технологийг зураг авалтдаа ашигласаар байгааг санах хэрэгтэй.
MICRON TECHNOLOGY
Зах зээлийн үнэлгээ: $109 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +39%
Чип үйлдвэрлэгч “Micron”-ийн хувьд ирэх он гэгээлэг харагдаж байна. Өндөр хурдтай санах ойн чипийнх нь эрэлт өсөж, мөн хиймэл оюуны технологид ашиглагддаг бусад бүтээгдэхүүнийх нь борлуулалт эрчимжиж буйтай энэ нь холбоотой. Үүний зэрэгцээ санах ойн чипийн өрсөлдөгч компаниуд нь энгийн хурдтай чипийн үйлдвэрлэлээ танах, тус зах зээлийн нийлүүлэлтэд саад тулгарах магадлалтай тул эцсийн дүнд чипийн үнэ өсөж, “Micron”-ийн ашгийн маржиныг дэмжих бололцоо бий. - Жэйк Силверман
NINTENDO
Зах зээлийн үнэлгээ: $77 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +27%
“Switch” консолын шинэ загвар гуравдугаар сараар дуусах санхүүгийн жилд багтан гарах төлөвгүй, цаашдаа ч хүлээгдэх магадлалтай нь “Nintendo”-ийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс шалтгаалан үйл ажиллагааны зардал нэлээн өссөн нь ашгийн хувьд мөн эрсдэл болж байна. Видео тоглоомын хоцрогдсон консолууд компанийн техник хангамж, программ хангамжийн борлуулалтыг хойш татаж буй.
PAYPAL
Зах зээлийн үнэлгээ: $87 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +6%
“Adyen”, “Amazon Prime”-тай байгуулсан шинэ түншлэл, түүнчлэн “Venmo”, “Paypal” аппликэйшний жижиг, дунд бизнесүүдэд зориулсан шинэ үйлчилгээ зэрэг бүрэн потенциалдаа хүрээгүй байгаа бизнесүүд “Paypal”-д олон байна. Эдгээр нь компанийн орлого, үйл ажиллагааны ашиг өсөхөд томоохон дэмжлэг болох төлөвтэй. Мөн компани ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар нэгж хувьцаанд ногдох ашиг нь улам нэмэгдэнэ.
TESLA
Зах зээлийн үнэлгээ: $1,146 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +17%
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” 2025 онд хэд хэдэн шинэ загвараа танилцуулахаар байгаа нь компани шинэ худалдан авагчдаа нэмж, ашгаа өсгөхөд дэм болох төлөвтэй. Цаашлаад хиймэл оюун, автомат жолоодлогын технологиор компани ямар ахиц дэвшлүүд гаргасныг батлан харуулах боломжтой. Оны эхээр “Tesla” боломжийн үнэтэй загвараа гаргаж, дараа нь борлуулалтаар тэргүүлэгч “Model Y”-даа томоохон шинэчлэл хийхээр байна.
TOKYO ELECTRIC POWER
Зах зээлийн үнэлгээ: $74 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +0%
Япон улс цөмийн эрчим хүчний салбараа дэмжиж эхэлснээр цахилгаан багаж хэрэгсэл үйлдвэрлэгч тус компанийн ашгийн маржин нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ нь 2011 онд Фүкүшима дахь цөмийн эрчим хүчний байгууламж нь сүйрснээс хойших нэлээдгүй том шилжилт болж байна. Цөмийн эрчим хүч нь Японы хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр боловч тус компанийн хүчин чадлын 50 гаруй хувь нь ашиглалтаас гараад байсан. Тэгвэл үйлдвэрийн үйл ажиллагаагаа сэргээснээр орлого нь өсөх төсөөлөлтэй байна.
VALE
Зах зээлийн үнэлгээ: $44 тэрбум
2025 оны орлогын өсөлтийн тооцоолол: +2%
Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд хоёрдугаарт ордог “Vale”-ийг гэрэл гэгээтэй 2025 он хүлээж байгаа гэдэгт итгэх гурван шалтгаан байна. Хамгийн чухал нь гэвэл БНХАУ саяхан эдийн засгаа идэвхжүүлэх дэмжлэгийн арга хэмжээ зарлалаа. Мөн дэлхий даяар гангийн үйлдвэрүүдийн ашиг сэргэснээр “Vale”-ийн өндөр агуулгатай төмрийн хүдрийн борлуулалт сайжирч магад. Эцэст нь гэвэл компани 2025 оны дунд үеэс төмрийн хүдрийн хоёр шинэ уурхай ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
Бүтэн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.