
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын иргэд ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ энэ долоо хоногт эдлэх гэж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас (ODIHR) байгуулсан Монгол Улсын Сонгуулийг ажиглах хорооноос урьдчилсан ажиглалтын үр дүнгээ нэгтгэж, явцын тайлангаа танилцуулаад байна.
Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн өдөр үлдээд буй энэ үед тайланд багтсан онцлох дүгнэлтүүд, хөндсөн асуудлуудаас хүргэж байна.
Тогтолцооны хувьд
Сонгуулийн шинэ тогтолцоо, томсгосон тойрог нь олон намын засаглалыг хангах тал дээр эерэг хүлээлттэй байгаа ч сонгогчдын төлөөлөл, сурталчилгааны хүртээмжийн хувьд зарим талаараа учир дутагдалтай байна. Тойргийн хэмжээг томсгож, тоог цөөлсөн нь сурталчилгааны богино хугацаанд орон даяар хүрч ажиллах хүчин чадалтай голлох улс төрийн намуудад илүү давуу тал олгоно гэсэн санаа зовнил ажиглагдсаныг ODIHR дурдсан байна.
Өмнөх удаагийн сонгуулиудаар шүүмжлэлд өртсөөр ирсэн тойрогт ногдох төлөөллийн тоо нь сонгогчид, хүн амын тоотой нийцдэггүй асуудал энэ сонгуулиар ч мөн ажиглагджээ. Тодруулбал: 13 тойргийн 11-ийнх нь сонгогчдын тоо сонгогчдын дундаж тооны хязгаараас 15 хувиар хэтэрсэн бөгөөд тэр дундаа Улаанбаатар хотын дөрвөн тойрогт 50 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа аж.
Ардчилсан институт хүний эрхийн газраас УИХ-ын сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш
Хаана ч, ямар ч сонгууль болсон бай эрх баригч нам ямагт давуу талтай оролцдог. Энэ бол жам ёсны үзэгдэл. Монголд сонгуулийн өмнө зарим нэг санаа зовоох зүйлс ажиглагдсан. Богинохон хугацааны дотор хэд хэдэн хууль батлагдсан гэх мэт. Мөн том тойргууд, сурталчилгааны богино хугацаа хосолсноор хөрөнгө, нөөц сайтай намуудад давуу тал олгоно гэж үзэж байна. Энэ удаа тэрхүү нөөц нь эрх баригч намд байж таарлаа. Харин жижиг намууд, бие даагчдын хувьд тэр том нутаг дэвсгэрт хүрч ажиллаж, шаардлагатай хөрөнгийг босгож, сонгогчдод танигдах талд бэрхшээлтэй тулгарахаар байна.
Сонгуулийн тухай хуулиар хориглогдсон бэлэн мөнгө тараалт, мөнгөн амлалтууд хэлбэрээ л өөрчилсөн болохоос амь бөхтэй оршсоор байгааг Эдийн засагч Б.Лакшмий “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байв. Засгийн газар энэ онд төсөвт тусгагдсан нийгмийн халамж, зээлийн хэд хэдэн шинэ хөтөлбөр зарласан, олборлох үйлдвэрлэлийн орлогоос хоёр ч удаа ногдол ашиг тараахаар болсон зэргийг ODIHR тэмдэглэжээ.
Сонгогчдын хувьд
Бүртгэлтэй хаягаасаа өөр газар оршин сууж буй иргэд, тухайлбал: уурхайчид, оюутнууд зэрэг сонгогчдын саналаа өгөх боломжийг хангах шийдэл энэ удаагийн сонгуулиар ч дутагдалтай байхаар байна. Сонгогчид байнга оршин суудаг газрынхаа тойрогт заавал очиж санал өгнө гэлгүйгээр тухайн үед ажиллаж, амьдарч буй газраасаа саналаа өгөх боломжийг хуулиар бий болгох зөвлөмж өгсөн ч хэрэгжээгүй тухай Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв.
Ажил олгогч нь ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах хуулийн үүрэгтэй ч их, дээд сургуулийн оюутнуудад үүнтэй адил боломж олгох хуулийн зохицуулалт байхгүйг дээрх тайланд мөн хөндсөн байна.
Сонгогчдын бүртгэлтэй холбоотой өөр нэг том асуудал нь сонгогчид сонгуулийн нэг тойргоос нөгөө тойрогт зориудаар шилжин суурьших явдал аж. Сүүлийн саруудад 70 мянга орчим иргэний шилжилт хөдөлгөөн (хаяг бүртгэлийн өөрчлөлт) явагдсан талаар УБЕГ-аас Сонгуулийн ажиглалтын хороонд мэдээлсэн ба эдгээр шилжилт хөдөлгөөний дийлэнх хувь нь нийслэлд байсныг тодотгожээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com