logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Жером Пауэлл: Бодлогын хүүг бууруулахаас өмнө илүү тодорхой дата мэдээлэл хүлээх хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 04 10:00
    389

    Зургийг: Loren Elliott/Bloomberg

    “Инфляц мэдэгдэхүйц буурсан ч Төв банкны зорилтот хоёр хувиас өндөр хэвээр байна” гэж Жером Пауэлл мэдэгдлээ

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “Бодлогын хүүг бууруулахаас өмнө инфляц буурсан гэсэн илүү тодорхой нотолгоог хүлээх шаардлагатай” гэж дахин мэдэгдлээ.

    Хамгийн сүүлд танилцуулсан инфляцын мэдээлэл хүлээлтээс өндөр байсан ч мөнгөний бодлогын цаашдын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөөгүй гэж тэрбээр онцолжээ.  

    Жером Пауэлл болон Холбооны Нөөцийн банкны бусад удирдлагууд энэ ондоо багтан бодлогын хүүг гурван удаа бууруулна гэсэн байр суурьтай байгаа юм. Хэдий тийм боловч “Бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авахад яаравчлах шаардлагагүй. Шинээр танилцуулагдах эдийн засгийн дата мэдээллүүдийг ажиглах нь зүйтэй” гэсэн байр сууриа дахин илэрхийлсээр байна.

    Холбооны нээлттэй зах зээлийн хороо өнгөрсөн сард бодлогын хүүгээ тогтвортой хэвээр хадгалсан юм. Бодлого боловсруулагчид 2024 онд инфляцын гол үзүүлэлтүүд өссөн ч хүүгээ гурван удаа бууруулна гэсэн төсөөллөө хэвээр хадгалсан гэж хэлж болохоор байгаа аж.

    Жером Пауэллийн мэдэгдлийн дараа өсөлттэй байсан АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан бол “S&P 500 Index” өсөлтөө хадгалсан хэвээр байна.

    Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл

    “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляц мэдэгдэхүйц буурсан ч Төв банкны зорилтот хоёр хувийн түвшнээс өндөр хэвээр байна. Жилийн өмнө  5.2 хувь байсан үйлдвэрлэгчийн үнийн индексэд суурилсан үндсэн инфляц хоёрдугаар сард 2.5 хувь болсон. Хүнс, эрчим хүчийг оруулаагүй тооцсон суурь инфляц жилийн өмнө 4.8 хувь байсан бол хоёрдугаар сард 2.8 хувь болж буурсан. Үнэхээр сайшаалтай ахиц дэвшил гарсныг харж болохоор байна. Гэвч инфляц хоёр хувийн зорилтот түвшинд хараахан хүрээгүй хэвээр байна. Мөнгөний хатуу бодлого эрэлтэд, ялангуяа зах зээлийн бодлогын хүүд мэдрэмтгий хэсэгт дарамт үзүүлсээр байна. Хэдий тийм боловч 2023 онд эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийн өсөлт сайн байсан. Инфляц мэдэгдэхүйц буурсан ч бодит дотоодын нийт бүтээгдэхүүн  гурван хувийг давж өсөж, гурван сая гаруй ажлын байр шинээр бий болсон” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих