Зургийг: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Амаргүй ч ахицтай
БНЭУ-ын Засгийн газраас санхүүжүүлж буй 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн бүтээн байгуулалт 2026 оны III сард дуусах хүлээлттэй байгааг төслийн менежментийн зөвлөх "Engineers India" компаниас мэдээллээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байршилтай тус үйлдвэр нь Энэтхэгийн зээлийн шугамаар бусад оронд хэрэгжүүлж буй хамгийн том дүнтэй төсөл болж байгаа.
Төслийн зээлийн хэлэлцээрийг Сангийн яам өнгөрсөн онд шинэчлэн тохирч, зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгасан юм. 2019 онд эхэлсэн тус төслийн ажил цаг уурын хүнд нөхцөл, Covid-19 цар тахлын улмаас удааширсан бөгөөд одоогоор барилгын үйл явц амаргүй ч гэсэн ахицтай байгааг "Engineers India"-ийн Гүйцэтгэх захирал Вартика Шукла Шинэ Дели хотноо хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолжээ.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн үе шат бий. Бид төслийг хугацаанд нь дуусгахаар үр дүнд чиглэсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ хэмжээний томоохон төслүүдэд хугацаа хойшлох бол байх л зүйл. Одоо бүх зүйл зөв голдиролдоо орж, ажил урагштай яваа гэдэгт би итгэлтэй байна. Бид төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах болно.
Барилгын ажлын хувьд өнгөрсөн сард үйлдвэрийн EPC-01 буюу технологийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг 100 хувь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгснийг мэдээлсэн. Ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах зэрэг нь бүтээн байгуулалтын уг үе шатанд багтаж буй.
Олборлолт дутах уу?
Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой болно гэж тооцоологдсон. Үүгээр зогсохгүй гадаад худалдааны алдагдал нэг тэрбум орчим ам.доллароор буурч, шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувиар хямдарна гэсэн өөдрөг төсөөлөл ч гаргаад байгаа.
Гэтэл үйлдвэр ажиллаж эхэллээ гэхэд дээрх үзүүлэлтүүдийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай түүхий газрын тосыг бид олборлож чадах уу гэдэг нь анхаарал татна. АМГТГ-ын статистикаар харвал өнгөрсөн онд Монгол Улс 4.9 сая баррель буюу ойролцоогоор 666 мянган тонн газрын тос олборложээ. Мөн Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.8 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн гэж тооцоологджээ.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 34 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах байгуулсан, 10 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгааг АМГТГ мэдээлж байна. Тэдгээрээс хамгийн том нь болох Дорнод аймгийн Тосон уул, Тамсагийн ордод Петрочайна Дачин Тамсаг компани олборлолт хийдэг.
Тус компани өнгөрсөн онд 600 гаруй мянган тонн газрын тос олборлосон, энэ онд 500 гаруй мянган тонныг олборлох зорилт тавьсан ч жил ирэх тусам олборлолтын хэмжээ нь буурах төлөвтэй байгааг АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал мэдээлж байлаа. Тиймээс Монгол Улс цаашид газрын тосны салбарынхаа хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ ордууд нээж ашиглалтад шилжүүлэх зайлшгүй шаардлага бийг тэрбээр онцолсон юм.
Газрын тосны үйлдвэрт 1.5 сая тонн газрын тос хэрэгтэй ч гол олборлогч Петрочайна тэр үед дөнгөж 300 мянган тонныг олборлохоор байна. Тэгэхээр үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад дахиад 1.2-1.3 сая тонн түүхий тос шаардлагатай болно... Маш их хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл өндөртэй салбар учраас төр засаг, орон нутаг, ард иргэд ойлгож дэмжихгүй бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд одоо орон нутгийн удирдлагууд, иргэдийн эсэргүүцлээс болж ажлаа хийж чадахгүй байна.