
Зургийг: mongolia.gov.mn
Хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар зудын нөхцөл байдалтай холбоотой “Малчдаа дэмжих” үндэсний аянд 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цуглаад байгааг Улсын онцгой комисс мэдээллээ. Мөн 773 сая төгрөгийн бараа материалын хандив цуглаад байгааг тодотгов. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага, холбоодоос хандив өгөөд байгаа аж.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байгаа юм. Хаваржилт хүндэрч буй аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газар шийдвэрлээд байна. Мөн орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Үүнээс гадна 1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсныг ХХААХҮЯ мэдээлсэн юм. Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10 мянга 200 тонн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тонн тэжээлийн буудай, малын тэжээлийг татан төвлөрүүлж, төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар болоод байна.
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрээд байгаа юм. Төмөр зудтай сумдад 42 мянга 436, цагаан зудтай сумдад 75 мянга 22 малчин өрх, нийт 117 мянга 458 малчин өрх байгаа ажээ.