
Зургийг: Naomi Baker/Getty Images
Симон Байлс Парисын Олимпын наадмаас дөрвөн медаль хүртсэнээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр амжилттай гимнастикч болоод байна. Түүний энэхүү алдар хүнд нь АНУ-д үйлдвэрлэлээ явуулдаг спорт хувцасны нэгэн брэндийг анхаарлын төвд оруулж чадлаа.
Пенсильвани мужийн Рединг хотод үйлдвэртэй “GK Elite” нь Симон Байлс, Парисын Олимпоос гурван медаль авчирсан Суни Ли тэргүүтэй америк гимнастикчдын өмсгөлийг урладаг аж.

Тамирчдын амжилтын ачаар дээрх компанийн борлуулалт энэ удаагийн Олимпын наадмын үеэр цөөн хэдхэн хоногт гурван жилийн өмнөх Токиогийн Олимпын үеийн борлуулалтаа гүйцжээ. Орлогынх нь дийлэнхийг АНУ-ын багийн өмсгөлтэй ижил өмсгөлийн борлуулалт эзэлсэн байна. Тэрхүү өмсгөлийг багийнхан Франц явахаасаа өмнө сурталчлан танилцуулсан юм.
“Симон Байлс, Сүни Ли нарынхтай ижил хувцас өмсөхийг хүссэн хүүхэд зөндөө олон байна” хэмээн тус брэндийг эзэмшдэг “Elite Sportswear” компанийн Гүйцэтгэх захирал Мэтт Кован өгүүлж байлаа.
“GK Elite”-ийг 45 жилийн өмнө Салли Уивер зах зээл дэх хоосон орон зайг ашиглан байгуулжээ. Тухайн үед зориулалтын өмсгөл байгаагүй тул гимнастикчид бүжгийн хувцас өмсдөг байж. Харин өдгөө компани дэлхий дахинд гимнастикийн өмсгөл ханган нийлүүлдэг гол компани болж, ретузээс эхлээд эрэгтэй богино өмд, үүргэвч, дагалдах хэрэглэл гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн Симон Байлс, Сүни Ли, Жэйд Кэри зэрэг АНУ-ын Олимпын тамирчидтай хамтран цуглуулгууд ч гаргажээ.
“GK Elite” тус улсын гимнастикийн тамирчидтай 20 гаруй жил түншилж буй ч бүтээгдэхүүнээ “Under Armour” зэрэг томоохон ивээн тэтгэгч компаниудад гэрээгээр нийлүүлдэг байсан аж. Харин Токиогийн Олимпын наадамд энэ нь өөрчлөгдөж “GK Elite”-ийн лого АНУ-ын тамирчдын өмсгөл дээр анх удаа хадагджээ.
Олимпод компанийнхаа брэнд хувцсыг танилцуулснаар сошиал сүлжээнд дагагчдынх нь тоо 800 гаруй хувиар өссөн гэж Мэтт Кован ярьж байлаа.