logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эрсдэлийг бууруулах хялбар хэрэгсэл болох ETF айсуй. "Ид шид" нь юу вэ?
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 17 10:10
    802

    Зургийг: С.Батсайхан

    Хөрөнгө оруулалтын эрсдэл багатай хэрэгсэл гэгддэг биржээр арилжаалагддаг сан (ETF) Монголд удахгүй нэвтэрнэ

    Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах хамгийн үр өгөөжтэй, бага зардалтай арга зам гэгддэг биржээр арилжаалагддаг сангууд сүүлийн жилүүдэд улам алдартай болсоор байгаад гайхах зүйлгүй. Энэхүү эрэлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн удахгүй Монголд нэвтрэхээр байгааг зохицуулах байгууллага мэдээлж байна.

    “ETF”-ийн “ид шид”

    “ETF” буюу биржээр арилжаалагддаг сан нь жижиг хөрөнгө оруулагчдад зориулан гаргасан бүтээгдэхүүн гэж болно. Хэдийгээр дэлхийд цойлох хэмжээний өгөөж хүртээх зориулалтгүй ч үнэт цаасны өргөн хүрээний бүлгийн ерөнхий хөдөлгөөнийг яг таг дагадаг. Ингэснээрээ “ETF” нь жижиг хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх замаар эрсдэлийг бууруулах хамгийн хялбар арга хэрэгсэл болж байгаа юм.

    unnamed.jpg

    “ETF” нь хамтын хөрөнгө оруулалтын сантай харьцуулахад илүү бага үнийн дүнтэй, индексийн сантай харьцуулахад илүү бага татвартай, мөн авч, зарахад аль алинаас нь илүү шуурхай байдаг. Эдгээр давуу талууд нь “ETF”-үүдийн удирддаг хөрөнгийн хэмжээг 2022 оны байдлаар зургаан их наяд ам.доллар хүргэж, мөн АНУ-д өнгөрсөн онд 500 гаруй “ETF” шинээр бүртгэгдэж дээд хэмжээ тогтооход нөлөөлжээ.

    Түүнчлэн хөрөнгийн урсгалаар ETF-үүд ХХОС-уудаас улам тасарч, зөрүү нь 2021 онд 950 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 1.5 их наяд ам.доллар хүрч тэлсэн нь мөн л дээд үзүүлэлт болсныг “Bloomberg” мэдээлж байв.

    Монголд нэвтэрнэ

    Энэ онд Монголын хөрөнгийн захад нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүнүүдийн буухиаг биржээр арилжаалагддаг сан үргэлжлүүлж, олон улсын болон дотоодын үнэ цэн бүхий хувьцаануудыг багцаар нь авах боломж бүрдэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлээд байна. Эн тэргүүний зорилго нь арилжааны хэмжээг өсгөж, стратегийн хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, цаашлаад гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг дээшлүүлэх явдал аж.

    Энэ хүрээнд зохицуулах байгууллагаас холбогдох шийдвэрүүдийг гаргасан бол МХБ журмуудыг нь удахгүй батлах хүлээлттэй байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мэдээлж байлаа.

    unnamed (1).jpg

    Мөн дотоодын зах зээлд ам.долларын актив ховор байгаа энэ нөхцөл байдалд төгрөгөөр гадаад хувьцаа эзэмших нь уг биржээр арилжаалагддаг сангийн давуу тал болохыг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв.

    Хөгжиж буй орнуудын “ETF” чангарч байна

    Хөгжиж буй орнуудын зах зээлийг хамарсан “MSCI”-ийн гол биржээр арилжаалагддаг сан өнгөрсөн сард үнэлгээгээрээ БНХАУ-ын “MSCI”-ийн санг анх удаа давсан нь Азийн хамгийн том эдийн засагтай орны хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчин гэгддэг байр суурь бүдгэрч буйн дохио болжээ. Тодруулбал: БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын “iShares MSCI” сангийн зах зээлийн үнэлгээ 2020 оны төгсгөлд ердөө 164 сая ам.доллар байснаас 6.8 тэрбум ам.доллар болж өссөн бол БНХАУ-ын ижил хөрөнгө оруулалтын сан аравдугаар сард 6.4 тэрбум ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих