
Зургийг: John Moore/Getty Images
2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг Нью-Йорк орчмын бүс хүлээн авахаар сонгогдлоо. Ийнхүү тус хот Даллас, Лос-Анжелес гэсэн нутаг нэгт өрсөлдөгчдөө ялж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын арга хэмжээг зохион байгуулахаар болж байна.
Аваргын төлөөх тоглолт Хадсон голын нөгөө эрэгт орших Нью-Жерсигийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд явагдахыг FIFA ням гарагт мэдээлжээ. Хотын төв, Манхэттэн дүүргээс галт тэргээр очих боломжтой, 2010 онд нээлтээ хийсэн, 82 мянга 500 хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэн нь NFL-ийн "New York Giants" болон "New York Jets" багуудад харьяалагддаг байна. Цаг уурын хувьд бусад хотуудыг бодвол дундаж температуртай байдаг тул тамирчид, үзэгчдэд таатай нөхцөл байдалд тоглож, үзэх боломж олдоно хэмээн үзжээ.
Анх удаа 48 улсын шигшээ баг өрсөлдөх 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Канадын хоёр, Мексикийн гурав, АНУ-ын 11 хотод зохион байгуулагдана. 2026 оны ДАШТ-д нийт 104 тоглолт болох ба үүнээс 78 тоглолт нь АНУ-ын нутаг дэвсгэрт болох аж. АНУ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь удаагаа, Мексик гурав дахь удаа хүлээн авч байгаа бол Канадын хувьд анхных юм. Харин 2015 онд Канад улс эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ.
Түүхэнд хамгийн олон баг оролцох 23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа гурван улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог. Судалгаагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хот дунджаар 160-620 сая ам.долларын ашиг, орлого олдог байна.