logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Аялал жуулчлалын өсөлтийн хурдаар Вьетнам улс Зүүн Өмнөд Азидаа хол тэргүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 09 16:45
    677

    Зургийг: Nhac Nguyen/Getty Images

    2024 онд Вьетнамыг зорих монгол аялагчдын тоо 20 мянга давж, өмнөх оны мөн үеэс 64 хувиар өсжээ

    (Bloomberg) -- “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэг гарснаар Тайланд улс жуулчид, амрагчдын сонирхлыг бүр ч ихээр татах болоод буй. Хэдий тийм боловч аялал жуулчлалын өсөлтийн талд хөрш Вьетнам улс нь тэднийг илүүрхэж байна.

    2024 онд Вьетнам улс нийт 17.5 сая гадаадын жуулчин хүлээн авснаар Зүүн Өмнөд Азийн бүсэд энэ үзүүлэлтээрээ Сингапурыг гүйцэж, гуравдугаарт бичигдэх болжээ. Эрэмбийн тэргүүнд 35 сая жуулчин зочилсон Тайланд, 25 сая жуулчин зочилсон Малайз жагссан байна. Харин цар тахлын дараах таван жилд аялал жуулчлалын бизнесийн орлого хэр өссөнөөр нь тооцсон аялал жуулчлалын салбарын сэргэлтийн үзүүлэлтээр Вьетнам улс бүс нутагтаа тэргүүлсэн байна. Тодруулбал: Вьетнамд аялал жуулчлалын бизнес 2019 онтой харьцуулахад 98 хувиар сэргэсэн бол Тайландад 87.5 хувь, Сингапур 86 хувь байгаа аж.

    Вьетнамын Үндэсний аялал жуулчлалын газрын мэдээлснээр 2025 оны зөвхөн I, II сард л гэхэд тус улсад бараг дөрвөн сая гадаадын жуулчин зочилсон нь өмнөх оны мөн үеэс 30.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

    Аялагчид, жуулчдын дунд Вьетнамын нэр хүнд ийнхүү хурдацтай өсөж байгааг тайлбарлах хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт хүртээмжээ сайжруулсан буюу шууд нислэгээр холбогдсон чиглэлүүдийн тоо, иргэд нь визгүй зорчих боломжтой орнуудын тоог сүүлийн жилүүдэд хурдацтай нэмжээ. Түүнчлэн 2023 онд цахим визийн шинэ бодлого нэвтрүүлж, жуулчдын хилээр нэвтрэх явцыг хялбарчилсны сацуу визгүй зорчих хугацааг нь өмнөхөөсөө гурав дахин сунгаж 90 хоног болгосон байна.

    Хоёрдугаарт зочлохуйн салбарын тэргүүлэх зэрэглэлийн компаниуд Вьетнамд олноор нэвтэрч байна. Сүүлд л гэхэд “Regent Phu Quoc”, “Capella Hanoi”,  “JW Marriott Hotel & Suites Saigon” зэрэг зочид буудал шинээр нээгджээ. Мөн “Luxury Collection”, “Ritz-Carlton Reserve”, “Park Hyatt”-ийн төслүүдийн бүтээн байгуулалт өдгөө үргэлжилж байгаа аж. Үүнээс гадна сүүлийн хоёр жилд тус улсын долоон ресторан “Michelin”-ийн одтой болсон байна.

    Энэ бүхэн Тайландын Ко Самуй, Пукетэд хэдийнээ очиж үзсэн, эсвэл Япон, Сингапурыг орлох жуулчдын хөл хөдөлгөөн багатай газар хайж буй тансаг аялагч, жуулчдын хувьд Вьетнам хамгийн тохиромжтой сонголт болоход нөлөөлж байна.

    Вьетнамын энэхүү өсөлт ойрын хугацаанд саарах шинж тэмдэг алга. 2025 онд тус улс аялал жуулчлалын салбарын дээд түвшнээ дахин шинэчилж, 23 сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Харин ирэх оны гуравдугаар сард Хо Ши Минь хотын шинэ “Long Thanh” нисэх буудал ашиглалтад орсноор Вьетнамын зорчигч хүлээн авах хүчин чадал 25 сая хүрч, нэмэгдэх юм.

     

    Lebawit Luly Girma

    Cэтгэгдэл бичих