
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2023 оны эцсийн гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ.
2022 оны эцэст 727 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад 2023 онд гурав дахин сайжирсан байна. Үүнд Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ түүхэн дээд түвшин болох 69 сая тонн хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн байна.
Энэ нь урсгал дансны алдагдлыг бууруулж, оны эцэст 244.54 сая ам.долларын ашигтай гарахад нөлөөлжээ. Эдгээрээс зарим үзүүлэлтийг онцолбол аяллын үйлчилгээний данс 733.31 сая ам.долларын алдагдалтай, тээврийн үйлчилгээний данс 766.47 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Бусад дансны хувьд хөрөнгийн данс 135.58 сая ам.долларын ашигтай, санхүүгийн данс 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.
2023 онд Засгийн газраас хэд хэдэн бондын төлбөрийг хийж, дахин санхүүжүүлсэн бол Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө төлсөн юм.
Төлбөрийн тэнцлийн ашиг нэмэгдсэнээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2023 онд нийт нэг тэрбум 397 сая ам.доллароор нэмэгдэж, 4.9 тэрбум ам.доллар хүрснийг Монголбанк тайлагнаад байна.