
Зургийг: Lam Yik/Bloomberg
Хувьцааг зээлээр авч зараад, тэр хувьцаа нь өсчихгүй л бол дараа нь бага үнээр эргүүлэн худалдаж аваад зөрүүнээс нь ашиг хийх стратегийг “short” арилжаа буюу богино позиц гэдэг.
БНХАУ, БНСУ-ын ижил алхам
БНХАУ-ын эрх баригчид дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын арилжаанд тогтоосон хязгаарлалтаа чангатгах арга хэмжээнүүд авсны нэг нь “short” арилжааны хориг болж байна. Өнгөрсөн долоо хоногт стратегийн хөрөнгө оруулагчид зарим хувьцааг зээлдүүлэхийг хориглох шийдвэр гаргасан бол энэ долоо хоногт брокер компаниудын хил дамнасан своп хэлцлийн дүнд дээд хязгаар тогтоож, өөрөөр хэлбэл БНХАУ дахь хөрөнгө оруулагчид Хонгконгийн хувьцаануудыг “short”-лох боломжийг хумьжээ.
Уналтын мөчлөг нь гурав дахь жилдээ үргэлжилж, үнэлгээнээс нь долоон их наяд гаруй ам.доллар арчигдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлд сэв суулгаад буй хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахын төлөөх БНХАУ-ын эрх баригчдын ээлжит алхам нь энэ болж байна.
Азийн өөр нэг том зах зээл БНСУ өнгөрсөн 11 дүгээр сард мөн төстэй арга хэмжээ авч, зээлж авсан хувьцааг арилжаалахыг энэ оны зургаадугаар сар хүртэл хориглосон юм. Хэдий тийм боловч зорилт нь зах зээлээ тогтворжуулахад бус харин “naked shorting” буюу хувьцааг эхэлж зээлэхгүйгээр богино позиц хийх хууль бус арилжааг таслан зогсооход чиглэжээ. Шалгалтаар дэлхийн хоёр ч том хөрөнгө оруулалтын банк тус улсад энэхүү арилжааг явуулж байсныг илрүүлснээ БНСУ-ын санхүүгийн зохицуулах байгууллага мэдээлж байв.
Үр дүнд хүрч байв уу?
Өмнөх тохиолдлуудаас харвал “short” арилжааг хориглох нь тогтвортой өсөлт авчрах магадлал бага аж. 2015 онд БНХАУ-ын хувьцааны зах зээлийн хөөс хагарах үед эрх баригчид “short” арилжаалагчдад бурууг тохож, тус стратегийг хязгаарлаж байв. Хэдий тийм боловч дараах саруудад нь зах зээл үргэлжлүүлэн унасаар байсан юм.
БНСУ-д сүүлийн хориг зарлагдсаны дараа хувьцаанууд хэсэг хугацаанд ногоон бүсэд арилжаалагдсан ч удалгүй “Kospi Index” энэхүү өсөлтийнхөө ихэнх хувийг алджээ. Өмнөх хоригуудын үр дүнг нягталсан судалгаанаас үзвэл иймэрхүү арга хэмжээ нь зах зээлийн хөрвөх чадварт муу нөлөөтэй, мөн хувьцааны үнэд дэмжлэг болдоггүй аж.
Монголд болгоомжтой хандах хэрэгтэй
Одоогоор зөвхөн ханшийн өсөлтийг дэмждэг механизмтай Монголын хөрөнгийн зах зээлд “short” арилжааг нэвтрүүлснээр хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татахаас гадна хувьцааны үнийг бодитой түвшинд аваачих, дотоодын хувьцаат компаниудын хариуцлагыг сайжруулах олон давуу талтайг шинжээчид хэлдэг. Хөрөнгийн зах зээлийн дүрэм журмын хүрээнд дотоодод short арилжааг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаагаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан дурдаж байсан юм.
Харин “Bloomberg Markets Live Pulse”-ийн стратегич Марк Крэнфилд ““Short” арилжаа нь урт хугацаанд илүү төлөвшсөн зах зээл бий болоход нөлөөтэй ч Монгол мэтийн жижиг зах зээлд тийм ч амархан нутагших зүйл биш болох”-ыг илэрхийлж байлаа. Хэрэв стратегийн томоохон хөрөнгө оруулагч хоёр хувьцаанд зэрэг “short” хийлээ гэхэд жижиг зах зээл энэ “шок”-ийг тэсвэрлэхгүй байх эрсдэлтэй аж. Иймд магадгүй зах зээл томрох хүртэл хэдэн жил хүлээж, маш болгоомжтой хандах нь чухал болохыг тэрбээр зөвлөж байсан юм.