logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Жуулчдыг татахад үзэсгэлэнт байгалиас гадна үйлчилгээний чанар, сурталчилгаа чухал. Швейцар үүнийг яаж хийв?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 12 15:30
    711

    Зургийг: Bloomberg

    Швейцарын Үндэсний зөвлөл буюу Парламентын гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны Ерөнхийлөгч Лаурент Вейрлитэй ярилцлаа

    - Монгол Улс болон Швейцар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2024 онд тохиож байна. Энэ хугацааг эргэн харвал хоёр орны харилцааны талд та юу онцолмоор байна?

    - Швейцар улсын хувьд энэ харилцаа өндөр ач холбогдолтой. Уул нурууд, хөдөө аж ахуй гээд олон зүйлээрээ Швейцар болон Монгол Улс ижил төстэй. Хэдий тийм боловч үүгээр зогсохгүй Монгол Улс бол ардчилсан, Парламентын засаглалтай улс. Ази тивд БНХАУ, ОХУ-ын дунд орших, ийм засаглалтай улстай холбоотой байна гэдэг бол бидний хувьд  тун чухал юм. Геополитикийн ач холбогдолтой. Мөн бидний зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэг чухал. Яагаад гэвэл бидэнд нийтлэг зүйл олон байгаа учраас хамтран ажиллах боломжтой. 

    -    Бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд юуг сайжруулж болох вэ?

    -    Эн тэргүүнд Швейцар улс Монголын худалдааны экспортод чухал байр суурь эзэлж байгаа. Мэдээж БНХАУ том хөршийн хувьд дээгүүр байр эзэлдэг. Хэдий тийм зарим чиглэлийн хувьд Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн экспортлогч улс орнуудын жагсаалтад манай улс дажгүй байр суурьтай. Энэ ч утгаараа бид эдийн засгийн сайн харилцаатай. Бид шинэ алхмуудыг авч хэрэгжүүлж чадна гэж бодож байна. Тухайлбал: манай хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар тодорхой үзэл баримтлалтай. Энэ асуудлаар зүгээр яриад өнгөрөх биш ямар нэг үйлдэл хийх ёстой. Бидэнд шийдэл нь байгаа бол танайд талбар нь байна. Танайд шийдэл нь байгаа бол бидэнд нөөц чадавх нь байгаа. Манайд ч танайд ч их сургуулиуд байна. Тиймээс эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн шатанд зориулсан “ногоон төлөвлөгөө” гаргаж, эдгээр чиглэлүүдэд сайжруулалт хийх боломжтой. Яагаад нар, салхи, усны эрчим хүчнээс эхэлж болохгүй гэж? Швейцар улс усны эрчим хүчээ нэлээд хөгжүүлсэн улс. Монгол Улс түлхүү нүүрснээс эрчим хүч гаргаж авдаг учраас бид сайн туршлагуудаа хуваалцаж, шинэ чиглэлд алхам хийх боломжтой. Тийм учраас цаашид ногоон эдийн засгийн чиглэлд туршлага хуваалцах, санал дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.

    - Жилийн өмнө “Credit Suisse” хямарснаас хойш Швейцар улс банкны хууль тогтоомжоо шинэчлэх чиглэлд хийж буй ажлуудаа эрчимжүүлж байна.  Үүнээс ямар сургамж авсан бэ?

    - Хамгийн чухал нь ийм асуудал гарахаас өмнө “урьдчилан сэргийлэх” хэрэгтэй. Бид өнгөрсөн алдаануудаасаа суралцаж ирсэн. Тухайлбал: 2008 оны санхүүгийн хямралын дараа сургамж авч, хямралаас урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тогтолцоо нь “Credit Suisse”-ийн хямралын нөлөөг бууруулахад түлхэц болсон. Бидэнд урьдчилан анхааруулах ийм систем болон хууль эрх зүйн орчин байгаагүй бол тухайн хямрал илүү өргөн хүрээг хамарч, Швейцар төдийгүй дэлхий нийтэд нөлөөлөх байсан. Мэдээж манай систем үр дүнтэй байсан ч илүү боловсронгуй болгох шаардлагатайг бид ойлгосон. Тиймээс “Credit Suisse”-ийн хямралын үеийн жишээ шиг хэдэн долоо хоног эсвэл хэдхэн сарын өмнөөс биш үүнээс урт хугацааны өмнө урьдчилан сэргийлдэг систем хөгжүүлэх хэрэгтэй. Одоо бидний хийж байгаа өөрчлөлтийн зорилго үүнд чиглэж байна.

    Швейцарын төдийгүй  бусад улсуудын системийн банкнуудад ч хэрэгжиж болох урьдчилан сэргийлэх тогтолцоо гэсэн үг юм. Өнөөдөр өглөө Монголбанкны Ерөнхийлөгчтэй ярилцахдаа “Credit Suisse”-ийнх шиг хямрал нь дэлхий нийтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй талаар хөндсөн. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг одоогоос илүү сайн авах нь бидний үүрэг хариуцлага юм. 

    - Нөгөө талаараа зөвлөх үйлчилгээний “Henley and Partners”-ийн гаргасан индексээс харахад үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой улсаар Швейцар тодорсон. Урт хугацааны төлөвлөлт болон зохистой бодлогын үр дүнд энэ түвшинд хүрсэн гэж би хувьдаа бодож байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

    - Тийм ээ. Тэгж хэлж болно. Эерэг сэтгэгдэл хэлсэнд баярлалаа. Миний оролцоо байгаа гэдэг талаасаа бол бид сайн шийдлийг хайж, тэрхүү шийдлээсээ суралцаж эсвэл бусад орны сайн шийдлээс санаа авч болно. Гэхдээ бид өөр орны системийг аваад шууд хуулаад тавьчихгүй. Яагаад гэвэл систем зөв ажиллахын тулд соёл, боловсрол, улс төрийн тогтолцоо, төрийн бүтэц, зохион байгуулалттай уялдаатай байх хэрэгтэй байдаг. Швейцарын хөгжлийн агентлаг өнгөрсөн оны турш үүнд анхаарч ажилласан. Бид энэ ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байна, өөрөөр хэлбэл юу чухал вэ гэхээр түншлэл бий болгох. Жишээлбэл: Монгол Улсад зарим нэг асуудал ба асуултууд байна. Магадгүй тэдгээрийн хариулт эсвэл сайн жишээ Швейцарт бий. Хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн хүрээнд бид тэдгээр туршлагаасаа хуваалцдаг. Тиймээс бид өнөөдрийг хүртэл хийсэн зүйлсдээ баяртай байдаг. Мөн сайн харилцаагаа үргэлжлүүлэхээр цаашдын алхмуудаа төлөвлөсөн байгаа.

    - Одоо олон улсын асуудал буюу томоохон сэдвүүдийн талаар ярилцъя. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хоёр дайнаас гадна олон улсад ихээхэн сөрөг нөлөөтэй АНУ-БНХАУ-ын худалдааны зөрчил байна. Швейцар улс Украины энхийн төлөвлөгөөг хэлэлцэх хуралд 160 гаруй орныг урьсан. Гэхдээ оролцох орнуудын жагсаалтад ОХУ-ыг оруулаагүй. Ямар нэгэн томоохон өөрчлөлт гарна гэж бодож байна уу?

    - Юуны өмнө, энх тайвангүйгээр бид хөгжил цэцэглэлтийг бий болгож чадахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Дэлхийн аль ч улсад, ямар ч бүс нутагт аюулгүй байдал, энх тайвангүйгээр хөгжлийг бий болгох боломжгүй. Өнөөгийн энэ “дайн самуунтай” дэлхийд манай улс маш онцгой байр суурь эзэлж байгаад би бахархаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид энх тайвныг бэхжүүлэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн. Энх тайвны талаар зөвхөн яриад байх биш ОХУ, Украины асуудлаар чуулган зохион байгуулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад харилцааны яамтай хэлэлцээ хийсэн. Ингээд ОХУ-ын талд чуулганы санааг бүрэн тайлбарлаж, ОХУ чуулганы гишүүн болж, чуулганд оролцоосой гэж найдаж байгаагаа мэдээлсэн. Харин ОХУ-ын эрх баригчид одоогоор ямар ч энх тайвны чуулганд очихгүй гэдгээ илэрхийлсэн. Асуудал өнөөдөр ийм л байна. Хэдий тийм боловч ийм хариулт авчхаад бид юу хийж чадах билээ? Бид энх тайвны тухай ярилцаж чадахгүй гэх үү? Үгүй. 

    Бид идэвхтэй байж, хамтдаа зогсох хэрэгтэй. Энх тайвныг дээдэлж буй улс орон бүр бидэнтэй хамт энх тайвны төлөө зогсох хэрэгтэй. Гэхдээ бид асуудлыг илүү бодитойгоор харж байгаа. Бид хоосон мөрөөдөөгүй. Магадгүй мөрөөдөх нь илүү сайхан байх, гэхдээ бид энэ асуудал дээр мөрөөдөж болохгүй. Бид бодитоор харж байна. Мөн зургаадугаар сарын дундуур болох энэ чуулганы төгсгөлд зөвхөн гайхамшиг л энх тайвныг бүтээж чадна гэдгийг мэдэж байгаа. Гэсэн ч өнөөдрийн нөхцөл байдлаас энх тайван бий болсон үе рүү хүрэх бол яг л шат шиг үйл явц гэдгийг мэдэж байна. Харин шатанд ганцхан гишгүүр байх үед дээшлэх маш хэцүү. Тиймээс алхам, алхмаар дээш ахих нь дээр. Харин энэ чуулган бол тэр шатны анхны алхам бол яах аргагүй мөн. Швейцар нь энх тайвны түүхтэй, хүч нөлөөтэй талыг аялдан дагалдахгүй байх бодлоготой улсын хувьд анхны алхмыг хийх нь бидний хийх ажил гэж бодож байна. Жишээлбэл: Украинд энх тайван тогтоосны дараа тус улсыг хэрхэн сэргээн босгох талаарх анхны чуулганыг бид өнгөрсөн онд зохион байгуулсан. Дараа нь тус чуулганыг бусад улс, бусад олон хотод зохион байгуулна. Гайхалтай. Бид сайхан санаануудыг зөвхөн өөрсдөдөө төвлөрүүлэх гээгүй. Энх тайванд  хүрэхийн тулд бусад улсуудтай санаа бодлоо хуваалцаж байх хэрэгтэй. Энх тайвны чуулганыг бид хамгийн түрүүнд зохион байгууллаа. Энэ нь Украинд бид бүхний хүлээж буй энх тайвныг цогцлоох анхны дорвитой алхам болсон гэж найдаж байна. Энэ нь зөвхөн Украинаар хязгаарлагдахгүй, Газын зурвас, Ардчилсан Конго, Сомали, Өмнөд, Судан зэрэг олон орны энх тайван байдалд хамаатай. Дахин хэлэхэд, энх тайвны төлөө хэн ч юу ч хийхгүй байвал энх тайвныг бий болгож чадахгүй шүү дээ.

    - Санал нэг байна. Швейцар улсад хадгалагдаж байсан ОХУ-ын долоон тэрбум гаруй франк буюу 14.3 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасны дотор ОХУ-ын Төв банкны нөөц, хөрөнгө мөн багтаж байгаа. Мөн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах Европын Холбооны шийдвэрийг дагасан нь Швейцарын хувьд уламжлалт төвийг сахих байр сууриасаа эсрэг чиглэсэн явдал болсон. Энэ талд таны байр суурь?

    - Төвийг сахих нь Швейцарын хувьд улс төрийн байр суурь. Юуны өмнө энэ нь Швейцарыг хамгаалах зорилготой. Зэвсэгт хүчний төвийг сахисан байр суурийн хувьд бол манай зэвсэгт хүчин төвийг сахина. Мөн үүнийхээ ачаар NATO шиг цэргийн эвслийн гишүүн байх шаардлагагүй гэсэн үг. Энэ бол түүхэн элемент. 1907 оны Гаагийн конвенц, 1920 оны Парисын гэрээ зэрэгтэй холбогдолтой бидний хүлээх үүрэг хариуцлага юм. Энэ бол хууль зүйн элемент. Тэгэхээр бид эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээг авсан ч төвийг сахих бүрэн эрх зүйн хүрээнээсээ гараагүй. Хориг арга хэмжээ нь илүү төвийг сахисан бодлоготой холбоотой.

    Хэрэв бид ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй бол Швейцар нь санхүүгийн салбарт эзлэх байр суурийн хувьд ихээхэн эрсдэлд орно. Тухайлбал: бусад улс орнууд Швейцарын системийг ашиглаад зарим улсын эсрэг хориг арга хэмжээг тойрох, эсрэг ажиллах боломжтой. Одоогийн байдлаар энэ нь төвийг сахихад үүсэх бас нэг асуудал. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авахгүй бол нэг нь нөгөөгийнхөө эсрэг болох гээд байна. Энэ бол төвийг сахисан байр суурь биш. Бидний байр суурь бол тодорхой. Швейцарын санхүүгийн статусыг ашиглаад хоригийг тойрч гараасай гэж хүсэхгүй байна. Бид тэр хөрөнгийг царцаасан. Хэдий тийм боловч тухайн хөрөнгийг Украинд ашиглах шийдвэр гаргахыг АНУ-д зөвшөөрөхгүй. Энэ бол төвийг сахисан байр суурь. 

    - “Bloomberg TV Mongolia” жил бүр сэтгүүлчдээ Давосын Эдийн засгийн чуулганыг сурвалжлуулахаар илгээдэг. Надад ч бас тэнд дэлхийн удирдагчдаас ярилцлага авах боломж гарч байсан. Швейцар улсын аялал жуулчлалын салбарын хөгжил намайг бас их гайхшируулсан. Та жуулчдыг татах бодлого төлөвлөлтийн талд зарим нэг онцлох жишээнээс хуваалцаж болох уу.

    - Аялал жуулчлал Швейцар улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Монголтой адилхан уулархаг бүс нутагт аялал жуулчлал нь орлого олох гол хүчин зүйл байдаг л даа. Уулархаг бүсэд тариалан эрхлэх хангалттай орон зай байхгүй, мөн эрчим хүч хангалттай биш. Гэхдээ нуурын, уулын гээд байгалийн гоо үзэсгэлэн байгаа учраас аялал жуулчлал хөгжих боломжтой. Энэ талаараа манай улс Монголтой их адилхан. Бид XIX зууны дунд үеэс, бараг 200-аад жилийн өмнөөс ийм газруудад хүмүүс их дурладгийг ойлгосон. Тэгэхээр юуны түрүүнд бодлогын хувьд тэдгээр бүс нутгуудын байгалийн сайхныг нь хадгалах хэрэгтэй. Хэрвээ байгаль нь сайхан байхаа больчихвол тэнд очих хүмүүс ч багасна шүү дээ. Тиймээс үүнд эхлээд анхаарна. Хоёрдугаарт, чанарыг хайж бас олох хэрэгтэй. 200 гаруй жил өнгөрөхөд бид чанар их чухал гэдгийг ойлгодог болсон. Угтах үйлчилгээний чанар, техникийн системийн чанар, тухайлбал: ууланд гарах зориулалтын кабелийн машин гэх зэрэг чухал. Чанарыг зөвхөн судлах бус бодитоор хэрэгжүүлэх нь хоёрдох чухал элемент юм. Гуравдугаарт, сурталчилгаа. Швейцарын аялал жуулчлалын боломжуудыг сурталчлах чиглэлд хот суурин, муж, холбооны түвшинд ихээхэн санхүүжилт гаргадаг. Улсын, хөдөө нутгийн байгалийн сайхнаас гадна нэг өдөрт л хийх боломжтой олон үйл ажиллагааг сурталчилдаг. Жишээлбэл: нэг өдрийн дотор та уулан дээр гараад, оройд нь нуурын дэргэд алжаалаа тайлаад, магадгүй дараа нь тоглолт ч үзэж болох юм.

    Би одоо Швейцарын Монтру хотод амьдардаг. Өмнө нь хотын дарга байсан. Та нэг өдөрт өглөөд нь цанаар гулгаад, өдөр нь завиар зугаалж, орой нь гадаа задгай талбайд амарч суух эсвэл Монтругийн жааз фестиваль, үгүй бол өөр ямар нэг соёлын арга хэмжээнд оролцох боломжтой. Олон төрлийн үйл ажиллагааг хослуулах нь бидэнд их чухал. Уул ус, спорт, соёл гээд олон зүйлийг нэг жижигхэн газар нутагт багтаасан. Өнөө үед нэг эсвэл хэд хэдэн өдөрт багтааж олон зүйлийг хийх боломжтой байх нь жуулчдад таалагддаг гэж бид боддог. Швейцар үүнийг санал болгож чаддаг гэдгийг би бахархалтай хэлмээр байна. Монгол Улс ч бас Швейцартай адил олон давуу талтай гэж би боддог. Дахин хэлэхэд, Монгол орны уул ус, тал хээрийн сайхныг сурталчлахаас гадна хамгаалан хөгжүүлэх, мөн гадаад оронд сурталчлах нь сайхан боломж гэдэгт итгэлтэй байна.

    - Барууны орнуудын олон удирдагч Монгол Улсад айлчиллаа. Францын Ерөнхийлөгч, Ромын Пап Францис, Дэвид Камерон зэрэг эрхмүүд ирсэн. Ерөнхий дүр зургаараа Монгол Улс чухал ашигт малтмал, цэвэр эрчим хүч зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эхний алхмуудыг хийж байгаа нь харагдаж байна. Тэгвэл эдгээр чиглэлд Монгол болон Швейцар улс хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжтой вэ? Швейцар улс юу санал болгох вэ?

    - Эдгээр чиглэлд ч мөн Швейцар улс сайн туршлагаа хуваалцах бүрэн боломжтой. Зарим үед түнш орнуудаа үр дүнд хүрэхгүй алхам хийхээс нь сэргийлэх үүднээс саар туршлагаа хуваалцах нь бас чухал байдаг. Манай хоёр улс үзэсгэлэнт уулс, гол нуурууд зэрэг төстэй баялагтай учраас хоорондоо арвин туршлага солилцох боломжтой юм. Тухайлбал: Швейцар улс өндөр уулын нууруудад барьсан далангаас эрчим хүч үйлдвэрлэх он удаан жилийн туршлагатай. Монгол Улсад ч бас өндөр ууланд байдаг нуурууд олон бий. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, илүү ногоон эдийн засгийг бүтээж яагаад болохгүй гэж?

    Өнөөдөр нүүрс маш чухал гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч ирэх хэдэн жилд, ялангуяа нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах Парисын гэрээнээс үүдэн нүүрсний хэрэглээ улам буурч магадгүй байна. Хэдий тийм боловч ирэх хэдэн жилд бид нүүрс хэрэглэхгүй гээд шууд орхичхож болохгүй. Учир нь Монгол Улсын эдийн засаг, хүн амд өнөөдөр нүүрснээс олж буй мөнгө хэрэгтэй. Тэгвэл үүнийгээ шинэ ногоон эдийн засагтай хослуулж, энэ чиглэлдээ хөрөнгө оруулалт татаж яагаад болохгүй билээ? 

    Өнөөдөр өглөө би энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгчтэй ярилцсандаа тун баяртай байгаа. Монголбанк тогтвортой хөрөнгө оруулалтад чиглэсэн шинэ бодлого боловсруулах алхмыг өнгөрсөн сард хийсэн. Тогтвортой гэдгээр зөвхөн хүрээлэн буй орчин бус мөн эдийн засаг, нийгэмд гарах үр дүнд төвлөрч байгаа. Эдгээр чиглэл бүгдээрээ л тун чухал. Энэ талд бидэнд туршлага бий. Тэр туршлагаа ч та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна.

    - Ярилцлагынхаа төгсгөлд Монголын бизнес эрхлэгчдэд ямар боломжууд байгааг асуух гэсэн юм. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны ямар боломжууд байна вэ?

    - Зарим боломжууд тодорхой харагдаж байна. Шүүмж биш л дээ, гэхдээ нэг асуудал байгаа нь Швейцарын иргэд, Европын орнууд, ер нь л барууны улсууд Монголын талаар сайн мэдэхгүй байна. Монгол Улсад ногоон эдийн засгийн нөөц, боломж байгааг тэдгээр улс хангалттай мэдэхгүй байна. Би усан цахилгаан станцын талаар ярьсан, бас салхины эрчим хүчний нөөц ч бий. Нөгөөтэйгөөр Монголыг маш сайн мэддэг олон хүн бас бий, сайхан орон гэж боддог хүмүүс бий.

    Монгол Улс бол амгалан тайван, ардчилсан орон. Мөн хүний эрх, тогтвортой хөгжлийг бодлогоор дэмждэг учраас сайхан орон гэдэгтэй нь би бүрэн санал нийлдэг. Тэгэхээр бид Азийн энэ бүсэд, Монголын компаниуд болон монголчуудтай хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчдыг баттай татаж чадна.

     

    Ярилцсан Э.Анхбаяр

     

    Cэтгэгдэл бичих