
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын гангийн эрэлт 2025 онд 1.5 хувиар буурах төсөөллийг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Металлургийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэн гаргалаа. Харин 2024 оны эрэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурсан байх төлөвтэйг мэдээлэв.
Дэлхийд гангийн үйлдвэрлэл, хэрэглээгээр тэргүүлдэг тус улс 2024 оны эхний 11 сард 929.19 сая тонн боловсруулаагүй ган үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар буурсан хэмжээ болохыг БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлэл харуулж байна.
2024 онд БНХАУ-ын гангийн нийт хэрэглээ 863 сая тонн, харин 2025 онд 850 сая тонн байна гэж дээрх судалгааны хүрээлэн мөн тооцоолсон байна.
Дотоодын эцсийн хэрэглэгчдийн эрэлт ийнхүү суларснаар БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд түүхий эд нийлүүлэгчдэд үнээ бууруулах шаардлага тавих болсон нь гангийн үндсэн орц коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ уналттай байгаагийн шалтгаан болж байна.
Мөн нийлүүлэлтийн илүүдлээ багасгахын тулд БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид экспортоо эрс өсгөсөн нь бусад орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахаар хариу арга хэмжээ авах эрсдэлд хүргэсэн аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын Засгийн газар ирэх онд үл хөдлөх хөрөнгийн салбараа сэргээх мөчлөг сөрсөн дэмжлэгийн арга хэмжээ авбал гангийн эрэлтийг сайжруулах боломжтой гэж “Bloomberg Intelligence” үзжээ.
Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд сүүлийн байдлаар 81 сая тонн давж, Засгийн газрын тавьсан экспортын биет хэмжээний зорилтод хүрээд байна. Гэхдээ эрэлт сул байгаагаас шалтгаалан Монголын арилжаалах нүүрсний үнэ энэ онд 30-40 хувиар буурсныг “SXCoal” мэдээллээ.