
Зургийг: Bloomberg/Kevin Dietsch/Getty Images North America
Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу USAID-ийг татан буулгаж, хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийн дийлэнхийг нь цуцалж, үлдсэнийг нь Төрийн Департаментад шилжүүлээд байна. Гэнэтийн, эрчимтэй уг ажиллагааны үр дагаварт АНУ-аас хөгжиж буй орнуудын нийгмийн нэн чухал хэрэгцээнд зориулж байсан олон тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үгүй болох юм.
Үлдэх том орон зай
“Америкийн ард түмнээс” хэмээх хаягаар танигдсан USAID нь хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламжийн дэлхийн хамгийн том агентлаг бөгөөд 1961 оноос хойш Америкийн сайн үйлсийг дэлхийд таниулах хэрэгсэл, мөн гадаад бодлогын салшгүй хэсэг байсаар ирсэн юм. Тус агентлаг 2023 оны байдлаар дэлхийн 133 оронд 43 тэрбум ам.долларын дүн бүхий төсөл хэрэгжүүлж байжээ. Тухайн жилд Украин, Этиоп, Йордан, БН Ардчилсан Конго зэрэг улсад хамгийн өндөр дүнтэй тусламж үзүүлсэн байна.
Түүхэн үзүүлэлтээс харвал гадаад тусламж дэмжлэг АНУ-ын Холбооны төсвийн нэг хүрэхгүй хувийг эзэлсээр иржээ. Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа авсныхаа дараахан төсвийн зардалд шалгалт хийх зорилгоор АНУ-ын гадаад тусламжийг 90 хоногийн хугацаатай царцаасан юм. Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлого, мөн татварын хөрөнгийг гадаадад үр ашиггүй, АНУ-ын ашиг сонирхолд тусгүй байдлаар зарцуулж буйг шүүмжилдэг Бүгд Найрамдах намын үзэл баримтлал USAID дээр биеллээ олсон нь энэ.
“USAID хэний ч төлөө биш зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллана, Засгийн газрын агентлаг бидний юу хийхийг заахгүй гэсэн хандлагатай байдаг” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Fox News”-д ярилцлага өгөхдөө өгүүлж байлаа.
Сүүлийн байдлаар USAID-ийн нийт гэрээний 83 хувийг албан ёсоор цуцалсан бөгөөд үлдсэн 1000 орчим хөтөлбөрийг Төрийн Департаментад шилжүүлэхийг Марко Рубио гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн юм. Тодруулбал: 6500 хөтөлбөрт шалгалт хийж 5200 гаруй буцалтгүй тусламж, гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээг зогсоожээ.
Монгол дахь тусламж
Ардчилсан хувьсгалаас хойш Монголын хөгжлийн төслүүдэд хамгийн өндөр дүнтэй тусламж дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын нэг нь USAID байлаа. АНУ-ын Засгийн газрын нээлттэй мэдээллээс харвал 2023 онд тус улс Монголд 20.6 сая ам.долларын тусламж үзүүлсний 6.6 сая ам.доллар нь USAID-аар дамжжээ. Харин 2001-2023 оны хооронд үзүүлсэн нийт тусламж дэмжлэгийг нь тооцоолбол 180 сая ам.доллар орчим байна.
2023 онд тус агентлаг Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа таван жилийн стратегийг баталж, эрчим хүч, банкны институц, хөдөө орон нутгийн жижиг бизнес зэрэг чиглэлүүдээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж байв. Сүүлд Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн 15 сая ам.долларын “BEST” хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээ зарлаад байсан юм.
Тус агентлагийн Монголд хэрэгжүүлж буй одоогийн төслүүдийн хувь заяа хэрхэх, зогсоосон болон үргэлжлүүлэхээр болсон төсөл байгаа эсэх талаар “Bloomberg TV Mongolia”-ийн тодруулгад АНУ-ын Төрийн Департамент тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
АНУ-ын тусламж дэмжлэг зогссоноор Монголд хамгийн том нөлөөтэй байж болох хөтөлбөр нь Мянганы сорилтын корпорацын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт гэрээ байна. Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх тус төслийн хүрээнд энэ онд Ус хангамжийн баруун эх үүсвэр, Хаягдал ус дахин боловсруулах болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрүүд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байв.