
Зургийг: parliament.mn
Засгийн газраас өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэлийг бууруулах хуулийн төсөл, Гурилын импортын татварыг чөлөөлөх, Баялгийн сангийн тухай хуулийг тавдугаар сарын 15-наас хэлэлцэж батална гэж УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга мэдээллээ. Сонгуулийн тухай хуульд гишүүд тавдугаар сарын 15-наас өмнө тойрогтоо ажиллахаар заасан байдаг тул хориглох боломжгүй гэж мэдэгдэв.
Үүнээс гадна Монгол Ардын нам дүрмийн дагуу зарим гишүүнийг намын гишүүнээс түдгэлзүүлээд байгаа бөгөөд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 15-20-ны хооронд тодорхой болгохоо илэрхийллээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Хүний эрх, эрх чөлөөний 23 дахь илтгэлийн тайлан мэдээллийг сонсоход, долоон дэд бүлэг нь өмнөх жилийн тайлангаас эрс өөр, харьцуулалт хийх боломжгүй, Монголд хамгийн их зөрчигдөж байгаа хүний эрхийн асуудлууд тусгагдаагүй байна гэж үзэж буйгаа илэрхийлээд байна.
Мөн “УИХ-д Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хуулийг харахад албан тушаалтанд давуу байдал олгосон хуулийн төсөл болсон. Хуримтлалын сан гэх шинэ сан байгуулж, Нийгмийн хамгааллын сайд удирдахаар тусгасан”-д шүүмжлэлтэй хандаж байгаагаа тодотгов. Баялгийн сангийн тухай Ардчилсан намын бүлгээс өөр үзэл баримтлалтай хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгдлээ.