logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Их Британийн хүүхдүүдийн дунд таргалалт эрчимтэй нэмэгдэхэд тэгш бус байдал голлон нөлөөлж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 25 17:00
    1774

    Зургийг: Raul Arboleda/AFP via Getty Images

    11-15 настай хүүхдүүдийн бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ хамгийн хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ

    Их Британийн хүүхэд, залуусын дунд таргалалт эрчимтэй нэмэгдэж байна. Харин үүнд орлогын ялгаатай түвшин онцлох шалтгаан болж байгааг сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Тодруулбал: 1995-2004 онд хүүхдүүдийн бүсэлхийн тойрог нэмэгдэж, түүнээс хойш тогтмол  өндөр үзүүлэлттэй байгааг “Archives of Disease in Childhood” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолсон байна. Тоо баримтаас үзвэл орлогын түвшин хамгийн бага айл өрхүүдийн 11-15 настай хүүхдүүдийн дунд таргалалт ноцтой хэмжээнд нэмэгдсэн байгаа аж. 

    Таргалалт дэлхийн аль ч улс оронд санаа зовоосон асуудал болж, эм үйлдвэрлэгчид тураах эм, бэлдмэл зохион бүтээхээр өрсөлдөж буй энэ цаг үед дээрх судалгаа хэвлэгдсэнээр мухардалд ороод буй эрүүл мэндийн санал санаачилгуудад дэм болжээ.

    Насанд хүрэгчдийн хувьд тураах эм авч хэрэглэх боломж бололцоо нэмэгдэж буй ч Их Британийн хүүхэд залууст тийм боломж тун хомс байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын Үндэсний эрүүл мэндийн албанд зориулан эмийн үнийг бууруулах чиглэлд ажиллаж байсан албаныхан “Novo Nordisk” компанийн таргалалтын эсрэг “Wegovy” эмийг мэдээлэл хангалтгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгох явцыг зогсоож байсан юм. 

    Бага насандаа таргалалттай байсан хүүхэд том болоод ч таргалалттай байх нь түгээмэл байна. Мөн өвчлөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт нас барах эрсдэл нь нэмэгддэг аж. “Дэлхийн таргалалтын атлас” судалгаанд хэт таргалалт өвчний эдийн засагт үзүүлэх хор хохирол 2035 он гэхэд 4.32 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гурван хувьд хүрч болзошгүйг тооцоолсон байна. 

    Харин Их Британид хийсэн тус судалгаа 2-15 насны 56 мянга гаруй хүүхдийг хамруулжээ. Үр дүнд нь хэт таргалалттай болон жин ихтэй хүүхдийн эзлэх хувь 1995 онд 26 хувь байсан бол 2019 онд 29 хувь болж нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Түүнчлэн 2003-2004 онд 33 хувьд хүрсэн нь оргил  үзүүлэлт болоод түүнээс хойш уг өндөр түвшиндээ хадгалагджээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд таргалалт хамгийн ихээр хурдацтай нэмэгдсэн байна. Тодруулбал: өмнө нь энэ насны бүлгийн таргалалттай хүүхдийн эзлэх хувь 30 хувь байсан бол 38 хувь болтлоо өсжээ.  

    Дээрх судалгаа нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай, мөн үндэстний цөөнх бүлгүүдэд эрүүл мэндийн тэгш бус байдал үүссэнийг илтгэсэн судалгаа болсон байна. 1990-ээд онд жин ихтэй болон хэт таргалалттай хүүхдүүд голдуу цагаан арьстай байсан бол одоо энэ байдал эсрэгээр эргээд байна.  2015 онд цагаан арьст хүүхдүүдийн 26 хувь нь хэт таргалалттай байсан байсан бол бусад арьстны хүүхдүүдийн 35 хувь нь хэт таргалалттай байжээ. 

    Харин орлогын түвшин өндөртэй нийгмийн бүлгүүдийн дунд таргалалт 2003 оноос хойш тогтвортой байсан бол орлого багатай бүлгүүдэд улам нэмэгджээ. 

    Хүүхдийн дунд таргалалт өндөр түвшинд байгаа нь нийгмийн дунд гачигдал, хүйс, гэр бүлийн байдал, гарал угсаа, эцэг эхийн боловсролын хувьд зааг ялгаа улам өргөссөнийг харуулж байна гэж судалгааны багийнхан өгүүлж байна.

    Cэтгэгдэл бичих